… Төв Азийн нутагт дэлгэрсэн Христийн шашны түүх МЭ VII зуунаас эхлэлтэй. Нүүдэлчдийн дунд Христийн шашин дэлгэрэхдээ МЭ 439 оны Эфэсийн зөвлөлөөр буруутгагдсан Константинопол хотын бишоп Нэсторын шавь нарын Сайн мэдээгээр дамжжээ.

Нэсторчуудыг Эрхүүд хэмээх ерөнхий нэрээр нэрлэж байсан бөгөөд тэд эрт үеэс хааны ивээл дор алба татвараас чөлөөлөгдөх шашны тусгай бүлэгт багтсаар ирсэн байна.

Эрхүүд нарын үр хойчис өдгөө ӨМӨЗО-ны Ордос аймгийн Үүшин хошуунд 300 орчим өрх оршин сууж байна. Тэд овгийнхоо шашин шүтлэг, зан заншлын талаар судалсаар ирсэн бөгөөд Эрхүүд овогтон Буу Шин 1988 онд “Эрхүүд овгийн түүх” нэртэйгээр эл овгийн үүх түүхийг эмхэтгэн гаргажээ. Мөн тэрбээр эрхүүд овогтон Асарын хамт 2001 онд “Санждорж хийгээд түүний шүлгүүд” (Буу Шин, Асар, 2001) нэртэй бүтээлийг нийтийн хүртээл болгосон бөгөөд Эрхүүд овогтон, шүлэгч Санждорж /1830-1903/-ийн овгийнхоо түүхийг шүлэглэн өгүүлсэн эртний материалын эмхэтгэл юм.