ДИТРИХ БОНХОФФЕР (1906-1945)

1906 оны 2-р сарын 4-нд төрсөн Дитрих Бонхоффер бол Германы пастор, теологич бөгөөд нацистын эсрэг цогтой тэмцэгч гэдгээрээ алдартай. 1945 оны 4-р сарын 9-нд 39-н насандаа хорих лагерт дүүжлүүлж нас барсан.

МУУ ЗАЛУУС!
Дэлхийн 1-р дайны дараа эдийн засгийн хямрал нүүрлэсэн Герман улсыг удирдахаар Гитлер засгийн эрхэнд гарахад, пастор Гирман Грунер болон зарим пастор удирдагч нар “Герман орныг сэргээхээр Адольф Гитлерийг Бурхан илгээлээ, бидний залбирлын хариу Бурханаас ирлээ, Гитлерийн Германы сэргэх цаг боллоо.” гэх мэтээр номлож байв.

САЙН ЗАЛУУ…
Харин пастор, теологич Дитрих Бонхоффер үүнийг эрс эсэргүүцэж, нацисмийн эсрэг номлож, Гитлерийг засгийн эрхээс унагах, шаардлагатай бол устгах хүртлээ явна гэсэн хатуу шийдвэртэй байв.

1927 онд Бонхоффер 21 настайдаа Берлиний их сургуулийг төгсөж, дараа нь Испанид хэдэн сар Герман сүмд пасторын туслахаар ажиллажээ. Дараа нь Герман уруу буцаж, Берлиний их сургуульд багшлах болов.

Мөн тэрээр АНУын Нью-Йорк хотноо Холбооны теологийн семинарт нэг жил ажиллах хугацаанд, либерал үзэл нь улам тэлж, эрх чөлөөний ертөнцийг илүү өргөн харах болов. Теологич Рейнхольд Нибебрт Америкаас бичсэн захидалдаа “Америкт байгаадаа би харамсаж байна, хүнд хэцүү цаг үед хүмүүсийнхээ дунд байх нь миний үүрэг. Би Герман уруу буцаж очих ёстой, улс орондоо, Христитгэлээ сэргээхэд гар бие оролцоно, дайн дуусна” гэж байжээ. Удалгүй тэрээр Германд буцаж ирэв.

САЙН ЗАЛУУС!
Эдгээр жилүүдэд Гитлер засгийн эрхэнд гарч 1933 оны 1-р сард Герман улсын канцлер болж, хагас жилийн дараа ерөнхийлөгч болов. Гитлерийн явуулж буй бодлогыг хатуу шүүмжлэгч, түүнийг эсэргүүцэгчид болох теологич Карл Барт, пастор Мартин Ниемоллер, болон залуу Бонхоффер зэрэг хүмүүс номлож байв. Тэд бусад пасторууд, теологич нарын хамт, Есүс Христэд үнэнч гэдгээ илэрхийлсэн гишүүдтэй Итгэмжлэгдсэн сүмийг (Бармен тунхаглал -1934) -д байгуулсан. Засгийн газраас Бонхофферийг багшлахыг хориглох хүртэл Финкенвальдын семинарт пасторуудыг бэлдэн зааж байжээ.

Энэ хооронд Бонхоффер “Дагалдагчын өртөг” (1937) номыг бичсэн бөгөөд уг номондоо, Христэд итгэгчдийн тавлаг байдлыг зэмлэн Христэдитгэлд радикал дуулгавартай байхыг уриалан дуудсан байдаг. Энэ ном нь одоо ч Христитгэлийн сонгодог зохиолуудын нэгд зүй ёсоор тооцогддог. “Наманчилалгүй уучлал, сахилгажуулалтгүй баптисм, гэмшилгүй ЭЗЭНИЙ зоог, Христгүй дахин төрөлт, загалмайгүй энэрэл, дагалдуулалтгүй номлол нь хямдхан нигүүлсэл, үнэгүй амьдрал юм.” гэх мэт.

САЙН ЗАЛУУ НУУЦ АЛБАНД
Тэрээр нацист Германы эсрэг нууц албанд элсэж, төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Европ даяарх сүм чуулгануудад очих үеэрээ тухайн газруудынхаа талаар мэдээлэл цуглуулах даалгавартай байсан ч ажлынхаа хажуугаар Иудейчүүдийг нацистуудаас хамгаалан, тэдэнд тусалж байв. Яваандаа түүний эсэргүүцлийн хүчин чармайлтууд гол төлөв еврейчүүдийг аврахад чиглэж байгаад 1943 оны 4-р сард баривчлагдав. Бонхофферийг Гитлерийг устгах хуйвалдаанд оролцсон гэж ялласан байдаг.

САЙН ЗАЛУУГ ХОРЬСОН Ч…
Бонхоффер хоёр жилийг шоронд өнгөрөөсөн бөгөөд хоригдлуудын дунд пастор нь болжээ. “Христэд итгэгч болно гэдэг нь зүгээр нэг шашны зан үйл мөрддөг шашинтан юм уу нүглээ наманчилдаг гэгээнтэн болно гэсэн үг биш. Энэ ертөнцөд Бурханы болоод бусдын зовлонг хуваалцагч, амьд Христийг дотроо амьдруулдаг хүнийг Христитгэгч гэнэ… Бурханд “за” гэсэн бол бусад бүх шударга бус, бузар муу, худал хуурмагт “үгүй” гэж хэлэх хэрэгтэй болно…” гэх мэтээр түүний хэлсэн үгс, бичсэн захидал номууд олон бий.

САЙН ЗАЛУУГ ЦААЗАЛСАН Ч…
Эцэст нь Бонхофферийг 1945 оны 4-р сарын 9-нд нацист Герман бууж өгөхөөс нэг сарын өмнө түүнийг бусад зургаан эсэргүүцэгчдийн хамт дүүжлэв.

Арваад жилийн дараа Бонхофферыг дүүжлүүрт нас барсныг гэрчилсэн хорих лагерийн эмч, тухайн үйл явдлыг гэрчлэхдээ: “Цэргүүд хоригдлуудыг … камераас нь авчирж, шүүхийн шийдвэрийг тэдэнд уншиж өгөв. Хонгилын өрөөний хагас нээлттэй хаалгаар пастор Бонхоффер шоронгийн хувцсаа тайлахаасаа өмнө шалан дээр өвдөг сөгдөн Бурхандаа залбирч байхыг би харав. Энэ аятайхан эрийн залбирч байгаа нь миний сэтгэлийг маш ихээр хөдөлгөв. Бурхан түүний залбирлыг сонссон гэдэгт би үнэхээр итгэлтэй байлаа. Тэрээр залбирлаа дуусгаад шийдмэг зоригтойгоор дүүжлүүрийн тавцанд гарч, эмх цэгцтэй зогсов… Түүний үхэл хэдхэн секундийн дотор болсон. Эмчээр ажилласан 50 жилийн хугацаанд би ер нь, Бурханы хүслийг дагадаг ийм хүн үхэж байгааг бараг хараагүй.” гэжээ.

Дитрих Бонхоффер цэл залуухан 39-хөн насандаа ийнхүү Бурхан дээр очсон юм. Түүний гал цогтой үзэл баримтлал, номлол нь одоо ч хүчин төгөлдөр бөгөөд үнэт зүйл, итгэл үнэмшилийнхээ төлөө тууштай тэмцэж, амиа золин байж хойч үедээ үлдээсэн үнэт өв нь гарцаагүй Бурханд тооцогдож байгаа.

ДҮГНЭЛТИЙН ОРОНД:
Бид өнгөрсөн түүхээс юу юу сурч болох вэ?

Пастор Г.Цолмонбаатар
2020 оны 4 сарын 23н Арлингтон Виржинния АНУ