Христ итгэл харийн шашин уу?

Христ итгэл монголчууд бидний хувьд шинэ зүйл үү?

Ихэнх монголчууд 1990 оноос хойш Христ итгэл манай улсад орж ирсэн гэж боддог. Харин Библийн ухааны доктор Гарамцэрэнгийн Баяржаргал өөрийнхөө судалгаа, түүхийн баттай эх сурвалж, баримт дээр үндэслэн Монголчуудын Христ итгэлийн түүх МЭ 6, 7-р зуунаас эхтэй хэмээн ярьсан юм. Мөн Монголчууд Библитэй танилцаад 26 жил биш 710 жил аль хэдийн болсон. Библийн бүрэн буюу Хуучин, Шинэ гэрээний бүтэн орчуулга монгол хэл дээр хэвлэгдэн гараад 170 жил болсон хэмээн ярьж байна. Ингээд ойн хүрээнд “Ариун бичээс нийгэмлэг”-ийн “Стандарт монгол орчуулга” төслийн менежер, Библийн ухааны доктор Г.Баяржаргалтай ярилцсанаа хүргэж байна.

Библийн ухааны доктор хэмээх эрдмийн зэрэг ихэнх монголчуудын хувьд шинэ сонсогдох байх л даа. Таны хувьд яагаад Библийг судлах болов? Судлаад зогсохгүй докторын хэмжээнд хүртэл нь суралцах болов?

Би Библийн ухааны докторын зэрэгт хүрнэ гэж цолны төлөө яваагүй. Энэ хүртэл явсан миний зорилго бол Библийг эх хэлнээс нь монгол хэл рүү хүмүүст ойлгомжтой, монгол хэлний гоё сайхан байдлаар нь хүргэе гэдэг хүсэл байсан. Тэгээд энэ хүслээ биелүүлэхийн тулд сургуульд явж сурах, өөрийгөө боловсруулах, цэнэглэх хэрэгтэй юм байна гэдгээ ойлгосон. Тийм ч учраас Библийн орчуулгад зориулаад, зөвхөн үүний төлөө л Библийн сургуульд явсан.

Анх АНУ-ын Массачуссетс мужийн Горден-Конвел Теологийн сургуульд 2004-2009 онд суралцаж теологийн магистр, Бурхан судлалын магистр гэсэн хоёр зэрэг хамгаалсан. Энд суралцаж байх хугацаандаа бас Израилын Иерусалим хотод очиж Еврей их сургуульд хагас жилийн Библийн орчуулагч нарт зориулсан тусгай хөтөлбөрт эхнэртэйгээ хамт суралцсан. Еврей хэл, газарзүй, түүх, Библийн еврей хэл сурсан. Дараа нь багш маань чи үргэлжлүүлээд сурах хэрэгтэй гэж нэлээн их урамшуулж, зоригжуулсан учраас би докторын зэрэгт хүсэлтээ өгөөд үзье гэж шийдсэн. Тэгээд би Кембрижийн их сургуульд хүсэлтээ өгсөн. Тэгээд үнэхээр Бурханы ивээлээр Кембрижийн их сургуульд тэнцсэн. Тэнд суралцаж байх хугацаандаа миний судалгааны гол ажил бол Библийн еврей текстийг Хуучин гэрээний эртний грек орчуулгатай харьцуулах судалгаа байлаа. Тэгэхээр энэ ажил маань надад Библийн еврей хэл болон Библийн грек хэлийг хоёуланг нь судлах, харьцуулах, тэндээс дүгнэлт гаргах зорилт надад тавигдсан. Гэхдээ энэ маань надад амархан даваа байгаагүй. Ялангуяа монгол хүний хувьд өөрийн эх хэлнээс тэс өөр хэлийг тэгээд гадаад хэл дээр, дээрээс нь өөр олон хэлийг мэдэх шаардлагатай байсан. Эртний еврей, грек, сири, орчин үеийн англи, франц, герман хэл дээр би ном унших шаардлагатай болж байсан. Тэгэхээр энэ бол их хөдөлмөр шаардсан. Маш их цаг зарцуулсан. Докторын сургалт, судалгаандаа нийт 4 жил зарцуулсан.

Багадаа ер нь ямархуу хүүхэд байсан бэ. Багаасаа л эрдэмтэн хүн болно гээд зорив уу? Эсвэл Христэд итгэдэг болоод өөрийгөө олов уу?

Арван жилдээ ямар сурч байсан бэ? гэж үү./Инээв/

Би онц сурч байсан. Ер нь бол хүүхдүүд дүгнэвэл номын хүүхэд гэж хэлэхээр тийм хэлбэрийн, тэгж харагддаг хүүхэд байсан. Гэхдээ хэзээ ч эрдэмтэн хүн болно гэж мөрөөдөж байгаагүй л дээ. Зүгээр л би зорилгынхоо төлөө явсан. Энэ маань эргээд надад их ивээлтэй байдаг л даа. Үүгээр дамжин гарахдаа маш их зүйлийг сурсан. Миний амьдрал, миний хувь зан чанар, бас мэдлэг боловсролд маш их зүйлийг өгсөн. Христэд яаж итгэсэн бэ гэвэл 1992 онд СЭЗДС-ийн 1-р курсийн оюутан байх үед манай ангийн хүүхэд за чи англи хэл сурах гэж байгаа бол Христийн нэг сүм байдаг тэнд очоорой гэж зааж өгсөн. Миний очсон зорилго бол ерөөсөө л англи хэл сурах байсан.  Очингуутаа л англи хэл сурах ямар арга зам байна гэж хайж эхэлсэн. Гэхдээ үүний хажуугаар хамаагүй илүү миний сэтгэл зүрхэнд хүрсэн зүйл юу байсан бэ гэхээр тэнд байсан хүмүүс, бас тэнд  яригдаж байгаа сургаал, номлол миний зүрхэнд их хүрсэн. Яагаад вэ гэхээр миний амьдралын утга учир, зорилго, үндэс суурь, баяр хөөр, ирээдүйн тухай олон жил хариултыг нь хайж явсан тэр асуултуудад тэнд заагдаж байсан сургаалууд хариулж байсан. Тийм учраас би Шинэ гэрээг худалдаж аваад, уншаад, судлаад, хайж явсан зүйлийнхээ хариуг авсандаа их баярласан. Тэгээд л та үнэхээр энэ ертөнцийг бүтээсэн ЭЗЭН мөн юм байна. Би таны энэ замаар л явмаар байна. Энэ л миний амьдралын утга учир байна даа гэж Христийг дагаж эхэлсэн дээ. 92 оноос хойш.

Олон жил болсон байна шүү.

Тиймээ.  24 жил болж байгаа юм уу даа /инээв/

Тэгэхээр 24 жилийн хугацаанд их юм өөрчлөгдсөн байх. Гэр бүлийнхээ тухай яриач. Эхнэртэйгээ хамт Израилд суралцаж байсан гэхээр их оюунлаг гэр бүл шиг санагдлаа.

Миний хувьд Христэд итгээд удаагүй байхдаа 1993 онд бас л Эзэн Бурханыхаа ивээлээр цуглаанд явж байсан залуусаас сонгогдоод гадаадад 2 жил илгээлтийн эзнээр явсан. “Дулос” гэдэг усан онгоцон дээр дэлхийн 3 тивээр, 20 гаруй орноор аялаад 2 жил Есүсийн сайнмэдээг тараах ажилд томилогдож байлаа. Монголчуудын орчин цагийн анхны илгээлтийн эзнээр өөр нэг монгол залуугийн хамт хоёулаа явж байлаа.

Энэ маань надад дэлхийг үзэх, Христийн сайнмэдээг олон газар тунхаглах, христитгэл ер нь орон оронд ямар байдаг, хүмүүс Христэд яаж итгэдэг гээд олон янзын өнцгөөс харах боломжийг надад өгсөн. Миний нүдийг их нээж өгсөн. Олон янзын Христэд итгэгчидтэй хамт нэг дор ажиллаж,амьдрах боломжийг өгсөн.

Гэр бүлийн хувьд эхнэртэйгээ “Дэлхийн зөн”ОУБ-д ажиллаж байхдаа танилцаад гэр бүл болсон. Манай эхнэрийг Янжинлхам гэдэг Христэд итгэдэг. Бид 4 хүүхэдтэй. Хүүхдүүдээ Библийн дагуу өсгөж, хүмүүжүүлж, сайн хүн болгохоор хичээж явна даа.

Энэ олон жилийн хугацаанд та нэг чиглэлээрээ л маш их суралцсан байна шүү дээ. Тэгэхээр буцаагаад энэ сурсан мэдсэн зүйлээ яаж ашиглаж байна. Таны ирээдүйн алсын хараа, зорилго юу вэ?

Би сурсан, мэдсэн, олж авсан зүйлээ монголчууддаа, Монголынхоо Христэд итгэгчдэдээ өөртөө байгаа бүх зүйлээ л өгөхийг хүсдэг. Энэ маань миний удирдаж байгаа “Стандарт монгол орчуулга” төсөл юм. Энэ бол монгол итгэгчид анх удаа өөрсдөө Библийн орчуулгыг санаачлаад, өөрсдөө эх хэлнээс нь төрөлх хэл дээрээ Библийг орчуулж байгаа төсөл юм. Хааяа бас Библийн сургуульд очиж зочин багшаар багшилдаг. Мөн хажуугаар нь “Амьд бүл” чуулганы пасторын үйлчлэл хийж байна. Тэгээд энэ маань бас л өөрийн сурсан мэдсэн зүйлээрээ л Бурханы хүмүүсийг зоригжуулах, босгох, сургах ажилд хувь нэмрээ оруулж байна гэсэн үг л дээ.

Библи монгол хэл дээр орчуулагдаад,монголчууд Библитэй танилцаад 710 жил болчхож, харин бүрэн орчуулгаар орчуулагдаад хэвлэгдэн гараад 170 жил болчихсон юм байна. Гэхдээ л ихэнх монголчуудын хувьд энэ бол үнэхээр шинэ мэдээ. Тэгэхээр таны та бүхний орчуулж байгаа Библи монголчуудад, монгол хүн нэг бүрд хүрэх нь ямар зорилготой юм бэ. Та монголчууддаа хэрэгтэй юм хийхийг хүсэж байна гэж хэлсэн шүү дээ.

Библийн орчуулгыг яагаад хийж байна вэ? гэхээр Библиэр дамжуулаад хүмүүсийн амьдралд Бурханыг таниулж, тэгснээрээ тэр хүн амьдралдаа гэрэл гэгээ, итгэл найдвар, Бурханы өгдөг тэр авралыг аваасай гэж хүсэж байгаа юм. Тийм болохоор бид Библийн орчуулгыг хийхдээ уншиж байгаа хүн нь ойлгоод, сонсож байгаа хүний зүрхэнд нь хүрсэн, ойлгомжтой байдлаар орчуулахыг зорьж байгаа юм.

Тэгвэл Ариун бичээс нийгэмлэгээс яагаад энэ ойг зохион байгуулъя. Ойн хүрээнд Библийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал, баримтат кино хийе гэж шийдсэн юм бэ? Христ итгэлийг ихэнх монголчууд бодит түүх, баримт гэж хардаггүй ш дээ.

Энэ ойг тэмдэглэхийг би санаачилсан юм л даа. Би оюутан байх хугацаандаа Монголын Библийн орчуулгын түүхийг судлаад, номын сангуудаас ном, материалууд цуглуулаад явж байх үедээ энэ тоонуудыг гаргаж ирсэн. Тооцох юм бол 700 жил өнгөрсөн юм байна. Бүтэн орчуулга гарснаас хойш 170 жил болох гэж байгаа юм байна ш дээ гэж судалж гаргаж ирсэн. Тэгээд би нэг англи найзтайгаа ярилцаж байх үед тэр найз маань та нар ер нь энэ ойг тэмдэглэн өнгөрүүлж болно ш дээ гэсэн санал дэвшүүлсэн. Яг тэр үед л би их урам зориг авч “Нээрээ яг энэ хоёр ойг давхцуулан тэмдэглэж, монгол хүмүүст Библийн орчуулгын түүх нь маш олон жилийн түүхтэй юм шүү” гэдгийг таниулж, мэдүүлэхийг хүссэн. Тэгэхээр энэ маань Библи яригдана гэхээр цаана нь Христэд итгэдэг, дагадаг хүмүүсийн тухай яригдана гэсэн үг. Христ итгэл Монгол газар нутаг дээр эрт дээр үеэс дэлгэрч, бидний өвөг дээдсийн үед түгээмэл зүйл байсан юм шүү гэдгийг л таниулж мэдүүлмээр байгаа юм.

10-р сарын 27-оос 11-р сарын 6-нд Монголын уран зургийн галерейд болох Библийн үзэсгэлэнд тавигдах өвөрмөц үзмэрүүдээсээ дурдаач.

Бидэнд байгаа Библийн эх хувилбар буюу хуулбаруудаас гэвэл 1800 оны үеийн Шмидтийн орчуулгууд байна. 1827 оны Шмидтийн Шинэ гэрээний орчуулгын хуулбар байна. Мөн 1846 оны үед хэвлэгдсэн Шинэ гэрээ бидний гар дээр бүтнээрээ байж байна. Тэрний дараагийн засварын ажлууд 1800 оны сүүлээр,1900 оны эхээр гарсан монгол бичгээр, тэгээд 1952 онд гарсан бүтэн Шинэ гэрээ, тэгээд бүр сүүлийн үед гарсан кирилл Библиүд гээд янз бүрийн орчуулгууд хүмүүсийн гар дээр байгаа болон бидэнд хадгалагдаж байгаа Библиүдийг дэлгэж гаргана. Тэгээд энэ бүхнийг хараад сонирхоод ирэхээр яг энэ үзмэрүүдийн цаана болсон түүхийг ойлгож, мэдээд христ итгэл чинь зөвхөн сүүлийн 20 жилийн  хугацаанд болж байгаа үйл явдал биш юм байна. Үүнээс ч өмнө түүх байдаг юм байна, байсан юм байна, мэдэгдэхгүй болчихсон юм байна. Харин үүнийг бид ил болгож байгаа юм гэдгийг ойлгох байх.

Бас нэг зүйл сонирхоход маш олон зүйл судлаад, суралцаад явж байхад та өөрөө ч гайхах тийм эх сурвалж, тийм баримт юу байсан бэ? Хамгийн сонин содон зүйл нь?

Маш их баярлаж, гайхаж байсан түүх гэвэл Дорнын Христийн чуулганы тэргүүнээр монгол хүн томилогдож байсан түүх бол үнэхээр гайхмаар. Яагаад гэвэл Тэр Иабаллаха гэдэг цол авсан Марк гэдэг монгол хүн Христэд итгэдэг гэр бүлд төрж өсөөд, Христийн сургаалын дагуу хүмүүжээд сүмд яваад, явсаар байгаад өөрийн гэсэн багштай болоод бүх Христийн сургаал, номлолын дагуу хүмүүжээд дараа нь багштайгаа хамт Иерусалим явах

аялал хийгээд тэгээд тэр аялал нь Дорнын чуулганы тэргүүн болсон түүх бий. Тэгээд тэндээсээ өөд болох хүртлээ Дорнын чуулганы тэргүүнээр ажиллаж, мөн Христэд итгэдэг хүмүүсийг лалын шашинтнуудын дарамт, хавчлагаас хамгаалж байсан түүх байгаа.Монголчуудын дунд Христ итгэл байгаагүй гэж боддог байсан тэр түүхэн цаг үед харин бүр эсрэгээрээ Дорнын чуулганы тэргүүнээр монгол хүн үйлчилж байсан гэдэг мэдээ бол тэнгэр газар шиг зөрүүтэй, хар цагаан хоёр шиг зөрүүтэй тийм гайхмаар мэдээлэл байсан. Тэгвэл тийм түүх бидэнд байгаа юм байна. Гэхдээ бидний тодорхой болгоогүй, илрүүлээгүй ч түүх байна гэсэн үг. Энэ үүх түүхийг л бид харамсалтай нь мэдэхгүй байгаа.

Библи гар бичмэл хэлбэрээр орчуулагдаад Монголчууд Библитэй танилцаад 710 жил болсон юм бол Монголын Христ итгэлийн түүх хэзээнээс эхэлсэн гэж үздэг вэ?

Монголчуудын Христ итгэлийн түүх бол МЭ 6, 7-р зуунаас эхэлж байгаа. Гэхдээ одоогийн Монголын газар нутгаар биш тухайн үеийн буюу МЭ 6-р зуунд Төв Ази маань ерөнхийдөө тэр чигээрээ дорнын замаар дамжаад Сири хэл дээрх Библи хэрэглэдэг тэр Дорнын чуулганы наймаачид, худалдаачид, илгээлтийн эздээр дамжаад Христ итгэлийг анх авч байсан. Тэгээд ингээд бодохоор МЭ 7-р зуунаас хойших 1400 жилийн түүх ярих болно гэсэн үг.

Монголын эзэнт гүрний үеийн овог аймгуудад Христ итгэлт хаан, хатад, баатрууд байсан тухай бас зарим ном зохиол дээр бичсэн байдаг юм билээ. Би бол Сорхугтани бэхи хатны талаар сайн мэднэ. Энэ үнэн үү?

Найман, Онгуд, Хэрэйд, Мэргэд энэ аймгууд дийлэнх нь Христэд итгэдэг хүмүүс байсан. Эртний түүхийг харахаар хэрвээ тэр овог аймгийн хаан нь Христэд итгэдэг болбол бүх хатад, албат, зарц, харьяат хүмүүс нь дагаад Христ итгэлт болдог байсан байгаа. Тэгээд Христийг дагаад Библийг дагадаг, залбирдаг, зарим зан үйлийг нь ч хийдэг байсан байгаа.

Таны амьдралд хамгийн их тод дурсамж үлдээсэн, амьдралд нь тань гэрэл гэгээг авч ирсэн амьдралынхаа хамгийн сайхан үйл явдлыг дурсвал.

Миний хувьд хамгийн анх Христийн чуулганд очоод гэртээ харьж явах үедээ маш их баяр хөөр, амар тайван, гэрэл гэгээ, итгэл найдвар мэдэрч байсан тэр үе. Яагаад гэвэл анх Христийн чуулганд очиж байсан үе буюу 1992 онд манай улсын хувьд улс төрийн хувьд өөрчлөлт гарсан нээлттэй болж байсан үе. Миний хувьд ч гэсэн 10 жилээ төгсөөд их сургуульд ороод амьдралдаа цаашаа яахаа мэдэхгүй, харанхуй, их хэцүү үе байсан. Харин тэр үед Христийн чуулганд очоод Ертөнцийн Эзэн гэж байдаг гэдгийг таньж мэдсэн үе маань надад итгэл найдвар, гэрэл гэгээ болсон. Тэгээд тийм их баяр хөөрийг мэдрээд гэр рүүгээ буцаж байсан үеэ ерөөсөө мартдаггүй юм. Энэ л миний амьдралд эргэлт гаргасан гайхалтай мөч юм даа.

Таны итгэл үнэмшил маш их баримт, судалгаа, бүр шинжлэх ухаан дээр суурилсан юм шиг санагдлаа. Та Бурхан байдаггүй, худлаа гэж хэлдэг, тэгж боддог хүмүүст баримт, нотолгоотойгоор юу гэж хэлмээр байна.

Хамгийн түрүүнд хувь хүний үгийг сонсохоосоо өмнө түүхэн үйл явдал, баримтыг хараарай. Магадгүй зарим хүмүүс бусдыг даган дуурайж байна, харийн шашин шүтлээ гэж одоо хэлж байгаа ч бидний өвөг дээдэс тэгвэл яагаад Христэд итгэдэг байсан юм бол, тэр итгэл нь хэр гүн гүнзгий байсан юм бол гэдгийг сонирхоод судлах юм бол олон асуултынхаа хариултыг олно гэж би бодож байна. Нэг талаасаа Христэд итгээд амьдарч байгаа, Христийн үгээр амьдарч байгаа хүмүүсийн амьдралыг хараасай гэж хүсэж байна. Тэр бол маш том хүч болно. Тэр хүний хувьд амьдралд нь ямар өөрчлөлт гарав, тэр хүний хувьд Христэд итгэнэ гэдэг нь ямар утга учиртай гэдгийг нь асуу. Магадгүй яагаад өөрчлөлт гарав гэдгийг нь асуу. Архинаас гарсан байж болно, гэр бүлийнх нь харилцаанд өөрчлөлт гарсан байж болно.

Ихэнх тохиолдолд тэр хүмүүсийн өөрчлөлтүүд нь өөрөө гаргахад хэцүү өөрчлөлтүүд байдаг.Яах аргагүй тэнд нэг тийм өөр зүйл байна, тэнгэрлэг зүйл байна даа гэж хэлэхээр зүйл тэнд байгаа. Христийг дагадаг нэртэй бусдыг даган баясдаг, үнэндээ Христийг чин үнэнчээр дагадаггүй, амьдралдаа Бурханы үгийг хэрэгжүүлдэггүй эсвэл нэг хэсэг Христийн чуулганд явж байгаад больсон хүмүүсийг, тэдний амьдралыг харах бол хэрэггүй. Христ итгэл бол түүхэнд суурилсан итгэл.Энэ бол бодит үйл явдлууд дээр суурилсан итгэл, харин хүний зохиосон онол дээр суурилаагүй. Хийсвэр ойлголт дээр суурилаагүй. Нягталж, судалж, шийдвэр гаргах боломжтой итгэл юм л даа.

Библи орчуулдаг хүний хувьд Энэ олон номуудаас яагаад Библийг сонгож унших ёстой юм бэ?

Би Библи орчуулдаг хүнийхээ ч хувьд, пастор хүнийхээ ч хувьд Библийг яагаад унших ёстой гэж зөвлөх вэ гэхээр, Библи уншсанаараа бид энэ ертөнцийг бүтээсэн, таныг намайг бүтээсэн тэр Эзэн Бурханаа хамгийн түрүүнд мэдэж авч байгаа. Тэгснээрээ би өөрөө хэн бэ гэдгээ мэдэж авч байгаа. Надад юу хэрэгтэй юм бэ, гэм нүгэл гэдэг асуудлыг яаж шийдэх юм бэ, энэ амьдралаас явсны дараах амьдрал болон өнөөдөр амьд байхдаа би яаж амьдрах вэ гэдэг үнэн зөв шударга зааврыг энэ үгээр дамжуулан бид олж авна.

Тийм учраас Бурханы өмнө тааламжит байдлаар амьдрахад надад туслах учраас Библиэ уншаарай гэж хэлмээр байна. Хүмүүст Библийг судлаарай, нөхөрлөөрэй, Библийг бүр өөрийнхөө хайртай ном болгоорой гэж дөнгөж өнгөрсөн ням гарагт би цуглаан дээрээ номлосон юм байна. /Инээв /

За баярлалаа. Таны удирдаж байгаа төсөлд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.