-Манай уншигчдын дунд таныг таних хүн цөөн биш байх. Шинэ уншигчдад маань зориулж өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг Ганбаатарын Жавхлантөгс гэдэг. Би Монгол дахь Америкийн худалдааны танхимын бодлого хариуцсан захирлаар ажиллаж байгаад ажлаа саяхан өгсөн. Би ажилчны район буюу Хан-Уул дүүрэгт , Гутлын үйлдвэрийн хэвлүүр цехийн ажилчин Ганбаатарын гэрт төрж, өссөн.

Ажил оволзсон ажилчдын районд хөдөлмөр хөгжил харж, дуурайж тоглож өссөн дөө. Одоо ч би энэ дүүрэгтээ эхнэр гурван хүүхдийн хамтаар амьдар байна даа.

-Таныг YMC залуусын хөгжлийн байгууллагын санаачлагч гэдгээр нь таних юм байна. Таны үндсэн ажил мэргэжил юу вэ?

Би ерөнхий боловсролоо 52-р, 38-р сургуулиудад эзэмшээд Олон улсын харилцааны дээд сургуулийг гадаад албаны ажилтнаар 1995-1999 онд суралцаж төгсөөд, 2005 онд АНУ-руу зэрэг ахиулан суралцахаар явж Төрийн болон бизнесийн удирдлагаар Режентийн их сургуулийг  төгссөн. Мөн Хаггай институтийг төрийн удирдлагаар төгссөн. Төгсөж ирээд анх 2011-2014 оны хооронд Оюу толгой компанид Улс төрийн шинжээчээр ажилд орж гадаад харилцааны зөвлөх хүртэл ажиллаж байсан.

2015 оноос өрөмдлөг тэсэлгээ,  инженерчлэлийн МЕРА ХХК-д бизнес  хөгжлийн газрын захирал, төслийн менежерээр 3 жил ажиллах хугацаандаа 3 үйлдвэр байгуулах төслийн ажлыг удирдан, 100 орчим шинэ ажлын байртай 3 шинэ үйлдвэр үүсгэн байгуулж байсан. Налайх дүүрэгт 2, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 1 үйлдвэр ашиглалтад оруулж 100 орчим шинэ ажлын байр бий болгосон байдаг.

Мөн 2013 онд найзуудынхаа хамтаар залуучуудын цогц хөгжлийг дэмжих 600-1000 хүний гишүүнчлэлтэй YMC байгууллагыг байгуулж байсан. Бие мах бодь, оюун санаа, зүрх сэтгэлийнхээ хувьд цогцоор хөгжсөн залуучуудыг бий болгож улс орныхоо хөгжилд гар бие оролцох хүслээр хөтлөгдөж энэхүү байгууллагыг байгуулсан. Залуучуудын спорт, хэлний үйл ажиллагаа, оюутан солилцоогоор олон улсад 100 орчим залуус явсан байдаг. 2010 онд Жөү Питс гэх Фенселвани дүүргийн Конгрессын гишүүний туслахаар ажиллаж байсан. Түүнчлэн 2000-2001 онд Blue sky Аvation компанийг үүсгэн байгуулалцаж, нислэг хариуцсан менежерээр ажиллаж байсан.

Хүндээ хөрөнгө оруулъя, хүнээ хөгжүүлье гэдэг уриаг би сэтгэлдээ бодож явдаг. Хүний хөгжил бол залуучуудын хөгжил, залуучуудын хөгжил өөрөө улсын хөгжил. Тиймээс миний өнөөг хүртэл хийсэн бүхэн залуусын хөгжил, цаашлаад тэднийг ажил амьдралын амжилтад хөтлөх байсаар ирсэн, цаашид ч энэ миний зорилго байсаар байх болно.

– Олон шинэ бүтээн байгуулалтад гар бие оролцжээ. Хүн ер нь өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй байна гэдэг ямар давуу талтай гэж та боддог вэ?

Энэ маш чухал. Жишээ нь хүн Бурханд итгэх итгэл үнэмшилтэй байна гэдэг муу муухай зүйл үйлдэхээс айх айдастай байна л гэсэн үг.  Эрх ашгаараа нэгдсэн хүмүүс олон байдаг. Харин итгэл үнэмшил, сайн зорилгоор нэгдэж чадсан хүмүүс ч бий. ХҮН намын нөхөд маань яг ийм. Ашигтай бол хэнтэй ч нөхөрлөнө гэх бодол бидний хэнд ч суугаагүй.

–  Та сая намын нөхдөө дурдлаа. Улс төрийн карьерын тухайд? Өмнөхөө хийгээд явж байхгүй яагаад заавал УИХ-д орох гээд байгаа юм бэ? Ямар нэг эрх ашиг танд байна уу?

Би өмнө нь улс төрд ойр байгаагүй.  Үнэндээ бодож ч байсангүй. Хулгай зэлгий, элдэв хувийн ашиг сонирхол ер байхгүй ээ. Гэтэл өнөөдөр улс орны маань чиг шугам их л буруу яваад байгаад бухимдсандаа тэмцэх гэсэн хүсэл намайг хөтөлж байна.

Өмнөх ажлаа хийгээд, гэр бүлээ сайхан аваад явах нь надад хангалттай ч нүднээ илт баян ядуугийн ялгаа тодорч, эрх мэдэлтнүүд жирийн иргэн хүний эрх ашгийг бус мөнгө, эрх мэдлийг чухалчилсан БУРУУ нийгэм рүү бид улам гүнзгий шигдэж байгааг харахад үнэхээр цухалдмаар. Энэ бүхнийг хажуугаас нь харж цухалдаж, шүүмжиллээ гээд юу ч өөрчлөгдөхгүй гэдэг нь л хатуу үнэн.

Харин өөрчлөлтийг хэн нэгэн бидэнд авчрахгүй бид өөрсдөө л зориг, золиос, зориулалт гарган, өөрчлөлтийг гардан хийхээс өөр сонголтгүй цаг үе ирснийг ойлгосон юм.

Үнэндээ дөрвөн жилийн өмнө байсан нөхцөл байдал дордчихсон, ядуурал улам газар авчихсан, иргэд бүх юм нь зээлэнд боогдчихсон байдалтай байна. Нөгөө нэг миний хийгээд яваад байгаа залуусын цогц хөгжил гээд хүсэж зорьдог зүйл хөрсөнд буухгүй, залуус маань ярих нэгжээ хүртэл зээлээр авч хэрэглэж байна. Энэ бол гажуудал. Залуучууд залхуу гээд яриад байгаа нь буруу, тэдний дийлэнх нь ажилгүй байгаад асуудал байна. Энэ бүхнийг хажуугаас нь, сошиалд мянга шүүмжлээд нэмэргүй юм байна. Бид өөрсдөө л зориг, зориулалт, золиос гаргаж байж өөрчлөхгүй л юм бол хулгайч нар хулгайч нартайгаа тэмцэхгүй.

Иймээс хийсэн бүтээсэн зүйлтэй, боловсролтой, тодорхой хэмжээний туршлагатай нэр цэвэр, ёс зүйтэй залуус маань өөрчлөлтийг одоо л хийх хэрэгтэй. Бид өмнөхөө л хийгээд өөрсдийгөө л бодоод явбал улс орон маань яаж зөв замаараа хөгжих вэ?

– Бүх бурууг засаг төрлүүгээ “чихэх” нь зөв гэж үү?

Гучин жилийн хугацаанд хоёр намын тогтолцоонд бидний хүссэн нийгэм цэцэглээгүйг хүмүүс надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Адаглаад өнөөдөр бид ЖДҮ-ийн хулгайчидтайгаа хариуцлага тооцож чадахгүй сул дорой байна. Эдийн засгийн бодлогын хувь бид саарал, хар жагсаалтад ороод амжлаа. Өөрөөр хэлбэл Монголд эх үүсвэр нь тогтоогдоогүй мөнгө ихээр эргэлдэж байгааг олон улс ил болгоод гаргаад ирлээ. Баян ядуугийн ялгаа тодоос тод боллоо. Бид энэ жилийн сонгуулиар өөрчлөлтийн салхийг авч ирэх боломж байгааг олж харах хэрэгтэй.

-Нийгэм бухимдмаар зүйл олон байгаа нь үнэн. Одоо жаахан эерэг ярилцья. Та гэр бүлдээ хэр цаг гаргаж байна? Хэр сайн аав бэ?

Би эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Залуу хүн эхнэр аваад, үр хүүхэдтэй болоход амьдралд ирдэг сайн сайхан бас асуудал бэрхшээл бүгдийг нь туулж ирсэн. Амралтын өдрүүдийг бол заавал гэр бүлдээ зориулдаг. Жинхэнэ эр хүн бол архи даадаг биш,  буруу бүхнээс хол байж гэр бүлээ хайр, хариуцлага хоёроороо дааж авч явж чаддаг эр хүнийг гэж би хэлнэ.Өнөөдөр Монголд гэр бүлийн үнэ цэнэ унасан байгааг харахдаа эмзэглэж явдаг. Нэг ч хүүхэд цоожтой хаалганы цаана бүү үлдээсэй хэмээн хүсэж өөрийн амьдралаараа сайн үлгэрлэл болж явахыг хүсдэг. Нөгөө талаар төрийн бодлогоор залуу гэр бүлүүдэд бодит дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

Ер нь залуучуудтай ажилладаг хүний хувьд, өөрөө залуу хүний хувьд улс орны гол хөгжил болсон залуучуудын маань хувьд ямар ямар асуудал бэрхшээл байдгийг би сайн мэднэ. Над шиг гадаад улсад сураад, өндөр боловсрол эзэмшээд ирэх боломж бүгдэд нээлттэй байгаасай гэж хүсэж ч өнгөрсөн хугацаанд ажилласан. Цаашид залуучуудынхаа төлөө их зүйл хийнэ.

Учир нь залуу хүнд зориулсан хөрөнгө оруулалт ямагт хурдан үр шимээ өгдөг. Өрөөр хэлбэл залуучуудын хөгжил бол улс орны хөгжил байдаг.

Үнэндээ одоо залуучууд ажил хийхгүй байгаа юм биш ажлын байр байхгүй байна.

– Улс төрчийн хувьд манай сонгогчид хувь хүний ёс зүйг нь нэлээд харж танддаг болж ээ. Хувь хүнийхээ үүднээс танд ямар нэг хатуу зарчим гэж бий юу?

Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас. Энэ зүгээр нэг үг биш их чухал зарчим гэж би боддог.  Ойлгомжтой хүний явсан зам өөрийг нь тодорхойлдог.  Хамт олныхоо хамтаар оргүй хоосноос гурван ч үйлдвэр босгож эцсийн бүтээгдэхүүнийг гар дээрээ гаргаад харж байхад надад их олон зүйл бодогдож, аливааг чин шударгаар сайнаар хийж бүтээх их урам, итгэл үнэмшил бий болж байсан.

Улсын төсвөөсөө давсан хулгай зэлгийний асуудлыг АТГ-аас баримтжуулсан тухай мэдээлэл ч бий. Сонгуульд л зориулаад хамаг төсвийн мөнгөө барж байна. Сонгуулийн дараа яаж амьдрах тухайгаа одооноос бодож мэдлэг чадвартай хүмүүсээ сонгох нь зөв байна.

-Та “ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ” эвслээс УИХ-ын сонгуулийн 29-р тойрогт нэр дэвшиж байгаа. Сонгогдвол нийгмийн ямар өөрчлөлтийг зорих вэ?

Дээр хэлсэнчлэн залуустаа л хийж бүтээх боломж орчныг нь л бий болгож өгмөөр байна. Монголын залуус залхуу биш ээ. Ажлын байр, урам зориг л тэдэнд хэрэгтэй байна. Сайхан залуу хүмүүс нүдний гал нь бөхчихсөн байхыг харах ямар гунигтай гээч. Өөрчлөх хэрэгтэй байна.Хүнийхээ боловсрол, эрүүл мэндэд илүү анхаарах нь өнөөдөр нэн түрүүнд тавигдах асуудал. Бас хөгжинө гээд барууныг дуураймааргүй байна. Монгол яг Монгол чигээрээ хөгжмөөр байна. Байгальтайгаа ойр, дугуй гэртээ, эрүүл аюулгүй орчинд сэтгэл хангалуун сайхан амьдрах боломж бидэнд бий.  Түүнчлэн төрж өссөн дүүрэгтээ

  • Хүүхэд, залуучуудын цогц хөгжлийн төвүүдийг Яармаг, Нисэх, Өлзийт хороолол, Шувуун фабрик, Морин даваа болон Био комбинатад байгуулж, тэдний боловсрол, эрүүл мэндэд хөрөнгө оруулна.
  • Хан-Уул дүүргийг хүндээ ээлтэй жишиг дүүрэг болгох: технологийн шийдлүүдийг ашиглан, төрийн албаны үйлчилгээг цахимжуулж, цомхон, чадварлаг болгож, хүнд суртлыг арилгана.
  • Туул голын ай сав, Богд Хан уулын дархан цаазтай газарт нутагт олгогдсон газрын лицензүүдийг цуцлуулан, зохих албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахын төлөө ажиллаж, шаардлагатай нөхөн сэргээлтийг хийлгэнэ.
  • Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд урт хугацааны бага хүүтэй зээлийн шугамыг нээж, үндэсний үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэгдүүлж, дүүргийн ядуурлыг бууруулах зэрэг  бодит ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байгаа.

Ингэхдээ хамгийн гол нь дүүргийнхээ иргэд сонгогчид та бүхэнтэйгээ улирал бүр уулзаж, тэдний дуу хоолой, хэрэгцээг сонсож, эргэх холбоотой хамтарч ЗӨВ ажиллана.

-Олон нийтэд хэлж уриалахыг хүссэн зүйлээ хэлэх боломжийг ярилцлагынхаа төгсгөлд танд олгоё  ?

Энэ жилийн хувьд сонголттой сонгууль болж байгааг онцлон дурдмаар байна. Идэвхтэй байцгаая залуус аа. Энэ бол бидний боломж. Боломжоо ашиглаж байж өөрчлөлт гарна. Алсыг харж зориг гарган өөрчлөлтийг хийцгээе.