Хөл хорио бидэнд шинэ зүйл байсан. Хүсээгүй ч бид энэ шинэ зүйлтэй дөрвөнтэй учирч, цаашид ч сунаж мэдэх хэл чимээ сонсож, таагүйхэн байна. Гэвч энэ шинэ зүйл бидэнд маш олон талаар нөлөөлж, ямар нэг зүйл далдуур үлдээж байгааг бид мэдэрсээр.
Тэгвэл “хоригтой” эдгээр өдрүүдэд бидний сэтгэлзүй хэрхэн өөрчлөгдөж байдаг, хувь хүн өөртөө хэрхэн менежмент хийх ёстой тухайг мэргэжлийн хүнээс асуулаа.
Мэддэгт мэргэн цоохор гэдэгчлэн, мэдээллийг авч өөрийгөө таньж сөрөг зүйлсээс хамгаалагдъя.

– Дахиад сайн байна уу? Манай үзэгч уншигчдад сэтгэлзүйн эрүүл мэндийн цуврал мэдээллийг өгдөгт танд юуны өмнө талархал илэрхийлье. Ковид-19 цар тахлын амаргүй үеийг бид туулж байгаа. Энэ үе дэлхийн иргэдийн хувьд амьдрах чадварын тэр тусмаа сэтгэл зүйн дархлааг шалгаж байгаа мэт санагдаж байна.

Тэгэлгүй яахав. Ковид гарч ирээгүй байхад ч хүн бүрийн амьдралд тодорхой даван туулах хэрэгтэй асуудал бэрхшээлүүд байсан. Харин Ковид нь дэлхий нийтийг хамарч байгаа цар тахал гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл та ганцаараа биш дэлхий нийтээрээ хамтдаа энэ үеийг даван туулах шаардлагатай болж байгаа юм. Хүмүүсийн хувьд асуудал бэрхшээлийг даван туулах 3 хэлбэр байдаг.

Нэгдүгээрт  бодол санаандаа төвлөрдөг. Өөрөөр хэлбэл нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй нь сайхан цаг ирэх болно, удахгүй бүх зүйл хэвийн болно, би шинэ нөхцөл байдалд дасан зохицож чадна, энэ үе намайг шинэ ур чадварт сургаж байна гэх мэт Ковидыг харах хараа, бодох бодлоо эерэг болгож даван туулдаг.

 Хоёрдугаарт нөхцөл байдалд төвлөрдөг. Дарамт үүсгэж байгаа нөхцөл байдлаа өөрчлөх гэсэн үг. Мэдээж бидний хувьд Ковидыг арилгаж чадахгүй ч тусахгүй, халдвар авахгүй байх талаас бүхий л арга хэмжээг авах боломжтой. Хөл хорионы үед гэртээ байх, гараа тогтмол угаах, маскаа зүүх зэргээр халдвар авахгүй байхаар нөхцөл байдалдаа зохицож болно.

Гуравдугаарт сэтгэл хөдлөлдөө анхаарал төвлөрдөг. Ковидоос үүдээд бидний сэтгэл санаа тайван биш, айдас түгшүүртэй, стресс бухимдалтай байгаа бол сэтгэл санаагаа хэрхэн тайван байлгах, тайвшрах тал дээр анхаарал хандуулж даван туулах боломжтой.

Дээрх гурван төрлийн даван туулах аргыг гурвууланг нь хэрэглээд энэ цаг үеийг даван туулбал их сайн.

-Бид дараалласан урт хугацааны хөл хорионд амьдарч байна. Ахуйн ийм өөрчлөлт хүнд магадгүй өөрт мэдэгдэхгүйгээр хэрхэн нөлөөлдөг тухай хэлж өгөөч. Хувь хүн өөрийгөө стресст өртсөнийг хэрхэн мэдэх вэ?

/Миний хувьд авто зам дээр илүү анзаарсан. Хөл хорионд орох шийдвэр гарсны дараа жолооч авто замын хөдөлгөөнд оролцож байгаагаас нь маш их стресстэй байгаа нь ажиглагдсан. Би ч гэсэн тийм байсан/

Хүн өөрөө эрх чөлөөтэй байдлыг хүсэмжилж эрэлхийлж байдаг. Гэтэл хөл хорио нь тодорхой хэмжээнд эрх нь хязгаарлагдаж, хорионд байгаа мэт мэдрэмжийг бий болгож байж болох юм. Гэхдээ цааш шалтгааныг нь мэдэж, энэ хөл хорио байнга үргэлжлэхгүй, түрхэн хугацаанд л үргэлжилнэ, энэ цаашид халдвар тархахгүй байхад туслах арга гэх мэтчилэн эерэг сайн талаас нь харж, хүлээж авбал сайн. Магадгүй хөл хорионд орохын өмнө хүмүүс амжуулах ёстой ажил нь амжихгүй, цаг давчуу санагдаж, яарсан сандарсан хүмүүс уур бухимдал ихтэй байсан байж болох юм. Яг одоо хүмүүс илүү нөхцөл байдалдаа дасан зохицож чадаж байна гэж харж байна. Гэхдээ хөл хорионы үед хамгийн их бэрхшээл үүсгэж байгаа асуудал бол санхүү болон харилцааны асуудал гэж харж байна. Цахимаар ажиллах боломжтой ажил байхад биечилж ажиллахгүй л бол болохгүй ажил бас байдаг. Тэгэхээр хүмүүс харилцан ялгаатай санхүүгийн бэрхшээл үүсгэж байгаа. Мөн хүмүүс хоорондоо харилцаж байж сэтгэл зүйн хувьд эрүүл байдаг. Гэтэл хүмүүстэй уулзаж болохгүй байх нь бэрхшээл үүсгэж байгаа. Гэвч нөхцөл байдалдаа дасан зохицоод дотнын хүмүүстэйгээ утсаар, цахимаар холбогдох байдлаар энэ төрлийн хэрэгцээгээ тодорхой хэмжээнд хангаж чадаж байгаа гэж харагдаж байна.

-Санхүүгийн дарамт хамгийн их ажиглагдаж байна. Миний дотнын хоёр ч хүн ажил, бизнесээ нүдэн дээр алдсан. Гэнэт ирж буй ийм цочролыг хэрхэн даван туулах боломжтой вэ?

Америкийн сэтгэл зүйчдийн холбооноос гаргасан судалгаагаар хүмүүст хамгийн их стресс үүсгэдэг дөрвөн хүчин зүйлийн нэг нь санхүүгийн асуудал хэмээн тодорхойлсон. Тэгэхээр Ковидгүй үед ч санхүүгээс болж хүмүүс их стресст өртдөг байсан. Харин Ковид гарч ирснээр маш олон бизнесийн байгууллагууд хүнд байдалд орж, олон хүмүүс ажилгүй, орлогогүй болж байгаа нь үнэн. Энэ цаг үед нөхцөл байдалтайгаа дасан зохицож, энэ үед юу хийвэл болох вэ, хүмүүсийн хэрэгцээ юу байна гэдэг дээр бизнесийн байгууллагууд төвлөрч, хувьсаж өөрчлөгдөх, дасан зохицож чадвал их сайн харагдаж байгаа. Жишээлбэл Ковид гарснаас хойш онлайн дэлгүүр их эрчээ авсан харагдаж байгаа. Мөн хүмүүсийн худалдан авалт үндсэн хэрэгцээндээ төвлөрч байгаа нь ажиглагдаж байгаа.

-Тэгвэл одоо хөл хориог эерэг талаас нь харах гээд үзье. Хувь хүн хөгжих боломж гэж харах хүмүүс байх шиг

Эерэг талаас нь харвал гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ илүү цагийг өнгөрүүлэх боломж. Энэ цаг үеийг бид даван туулах л болно. Хожим түүхэнд тэмдэглэх нөхцөл байдлыг бид гэр бүлээрээ туулж байна. Ковид гарах үед манай гэр бүл ингэдэг байсан, тэгдэг байсан гэсэн дурсамж хожим хүүхдүүдэд маань үлдэнэ. Тэгэхээр тэр мартагдахааргүй дурсамж нь эерэг, сайхан байвал хэчнээн сайн бэ. Мөн хувь хүн бүр хөл хорионы үеийг өөрийгөө хөгжүүлэх хэл сурах, цахим сургалтад хамрагдах, шинэ хоббитой, дасгал хөдөлгөөн хийх зэргээр ашиглах бүрэх боломжтой.  Өмнө нь завгүй гээд хийж чаддаггүй байсан зүйлсээ хийх боломжтой цаг хугацаа байж ч болох юм. Анхан үеэ бодвол энэ удаагийн хөл хорионд хүмүүс сэтгэл санааны хувьд бэлтгэлтэй, юу хийхээ төлөвлөж чадаж байгаа мэт харагдаж байгаа.

-Бид хөл хорионд зохицох гэж хичээхийн хажуугаар сошиал орчин биднийг илүү стрессдүүлж байна. Өглөө Фэйсбүүкрүү ороод л улс төрийн олон бохир мэдээлэл харагдах нь сүүлийн үед эрчтэй нэмэгдлээ. Гэр бүлийн элдэв маргаанаа ч цахим орчинд шийдэх гэх болж…

Овжин нэг нь ашиг олж байхад шүүлтүүргүйгээр мэдээлэлд хандаж байгаа иргэд маань сэтгэлзүй нэлээд тогтворгүй байгааг бид цахим орчинд харж байна. Цахим орчинд сэтгэлзүйн дархлаагаа хэрхэн дэмжих вэ?

Цахим орчин бол хүмүүсийн санаа бодлоо илэрхийлэх, бусдын санаа бодлыг мэдэх нэг орчин болоод байгаа. Гэтэл цахим мэдээллээр дамжуулж бодлоготойгоор олон нийтийг уурлуулж, бухимдуулах байдал ч их бий болох болсон. Үнэн худал нь мэдэгдэхгүй, хүмүүсийн хандалтыг авах гэсэн хуурамч мэдээлэл ч явж байдаг. Тэгэхээр аль болох таныг стресст оруулах мэдээ мэдээллээс татгалзах хэрэгтэй. Мөн найдвартай эх сурвалжаас мэдээллээ авч хэвших нь зүйтэй. Сөрөг мэдээлэл нь сөрөг сэтгэл хөдлөлийг л бий болгодог учир сэтгэл зүйгээ хамгаалж, мэдээ мэдээлэл бүрийг үзэх гэх хэрэггүй. Цахимд байх цаг хугацаандаа хяналт тавих нь энэ төрлийн стресст өртөхөөс мөн хамгаалж болно.

-Хараад байхад бид биеийн хүчний дасгал, фитнесс хийдэг мөртлөө сэтгэлзүйгээ дасгалжуулдаггүй юм шиг ээ… Гэнэтийн сөрөг үйл явдал, мэдээллийг цочирдохгүйгээр хүлээж авахад өөрийгөө, үр хүүхдээ бэлдэж дасгалжуулах боломжтой юу? Уур уцаараа хянах, стресс менежмент хийх тал дээр Монголчууд нэлээд хоцрогдолтой гэх судалгааны дүн ч байсан.

Мэдээжийн хэрэг цочирдом нөхцөл байдалд цочирдож хүлээж авах бол энгийн эрүүл хүнд байдаг зүйл. Харин тухайн нөхцөл байдалд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ бид сонгох боломжтой. Аль болох эхлээд тайвширч, тайван болсныхоо дараа хэрхэхээ шийдэх нь зүйтэй. Хүүхдүүдийн хувьд томчуудыг харж суралцаж байдаг тул эхлээд томчууд бид асуудалд хэрхэн хандахаа мэддэг байх нь чухал. Томчууд сандраад айгаад, балмагдаад эхэлбэл хүүхдүүд ч ялгаагүй айдастай түгшүүртэй болдог. Таныг стресстүүлэх нөхцөл байдалд та хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг вэ? Танд ямар мэдрэмж төрдөг вэ? Гэх мэтчилэн өөрийгөө маш сайн ажиглаж мэдэх хэрэгтэй. Ингэснээр уурлаад байдаг, бухимдаад байдаг шалтгаанаа мэддэг болно. Тэгэхээр ийм нөхцөл байдалд би уурлаад байдаг юм байна. Дахиж ийм нөхцөл байдалд орох үед эхлээд өөрийгөө тайван байлгах хэрэгтэй гэх мэт эрүүл хариу үйлдлээ урьдчилж тооцоолох боломжтой. Үүнээс гадна стресс тайлах өөрийн гэсэн аргуудтай байх нь их чухал. Стресс тайлахад хувь хүний онцлогоос шалтгаалаад харилцан ялгаатай байж болох ч дасгал хөдөлгөөн, цэвэр агаар, эрүүл хооллолт, сайн нойр, хийх дуртай зүйл, дотнын хүмүүстэйгээ уулзах ярилцах  зэрэг нь их тус болдог. Энэ цаг үед хүүхдүүдийнхээ мэдрэмжийг ч асууж ярилцах нь тэдэнд тус болно. Мөн ээж нь, аав нь стрессээ ингэж тайлж байгаа гэх мэтээр өөрийн арга туршлагаа хуваалцвал хүүхдүүд ч мөн суралцаж, даган дуурайж болох юм.

-Тэгвэл задгай байгаа сөрөг мэдээ мэдээллүүдээс хүүхдээ хэрхэн хамгаалах вэ? Цахим орчинд ч гэх юм уу хяналт тавьж болохгүй тохиолдлууд их байх болж.

Хүүхдүүд цахим болон теле хичээл хийж дэлгэцтэй их цагийг өнгөрүүлж байгаа энэ үед аль болох хичээл нь ороогүй үед өөр сонирхолтой зүйлийг хийх, тоглуулах, дасгал хөдөлгөөн хийх зэргээр дэлгэцээс хол байлгаж, өөр зүйлд анхаарлыг татвал их сайн. Учир нь хичээлээ ч дэлгэцээр хийнэ, дараа нь тоглоно, найзуудтайгаа чатална, цахим орчинд их цагийг өнгөрүүлээд дэлгэцийн хамааралтай болох тохиолдол их байгаа. Хүүхдүүд юу нь сайн, юу нь хэрэгтэй гэдгийг томчуудтай адилхан ялгаж салгаж хараахан чадахгүй тул үүн дээр нь томчууд санаа тавьж, хил хязгаар тавьж өгөх хэрэгтэй. Тэглээ гээд загнах, зэмлэхээс илүү ярилцах, ойлголцох, туслах байдлаар хандвал илүү үр дүнтэй.

 

  • “Гэр бүл анхаарлын төвд” байгууллагын сэтгэл зүйч Н. Рэнжмаа