Монголд Христ итгэлийн талаарх олон нийтийн ойлголтод замбараагүй, таамгийн шинжтэй зүйл олон бий. Нөгөө талаар ХМХ-ийнхэн ойлголт сул, ямар нэг асуудал гарахад албан бус эх сурвалжаас иш татдаг, хольж сольдог, андуурдаг, гүтгэх нь ч бий. Харин худал үнэн мэдээллийн цаана мянга мянган Христэч итгэл үнэмшилтэй иргэдийн эрх чөлөө, эрх ашиг, нэр хүнд хөндөгдөж байдэг гэдгийг хэзээ ч мартах учиргүй. Иймд товчхон бөгөөд энгийнээр Монгол дахь зөв үзэл номлолтой Христэд итгэгчдийн төлөөлөл болсон Монголын Эвангелийн Эвсэл (МЭЭ) хэмээх байгууллагын тэргүүнтэй ярилцлаа. Энэ удаагийн зочин маань Монголын Эвангелийн Эвсэлийн гүйцэтгэх захирал С.Эрдэнэ байлаа. 

МЭЭ гэх байгууллагыг мэдэхгүй хүн олон бий. Юуны түрүүнд байгууллагаа товч танилцуулаач

МЭЭ нь 1997 онд үүсэн байгуулагдаж, Азийн, Дэлхийн Эвангелийн Эвсэлд гишүүнээр элссэн. Үндсэн гурван зорилго чиг үүрэгтэй: Үүнд чуулгануудын эв нэгдэл хамтын ажиллагааг  хөгжүүлэх, гаж буруу урсгалаас сэргийлэх, төр засагт чуулган, Христ итгэгчдийн дуу хоолой зэрэг орно. Өнгөрсөн бүх л жилүүдэд энэхүү зорилго чиглэлүүдийн хүрээнд Монгол чуулганы хөгжил, сайн сайхны төлөө үйлчилж ажилласаар ирсэн.

Христэч сүм чуулгануудыг ерөнхийд нь “баздаг”  газар гэж ойлгож болох нээ? Хичнээн сүм чуулган танай харьяанд байдаг вэ?

МЭЭ нь гишүүддээ үйлчилдэг ТББ-ийн статустай байгууллага ба гишүүн чуулган, ТББ-ын хамтран ажиллах, эв нэгдлийг бэхжүүлэх, гаж буруу урсгалуудаас хамгаалахын тулд гишүүддээ тодорхой хэмжээний стандарт, болзолыг тавьдаг. Тэдгээрийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гишүүнээр бүртгэн авч, гэрчилгээг олгодог. Одоогийн байдлаар УБ хот, хөдөө орон нутаг нийлсэн 640 гаруй чуулгануудыг гишүүнчлэлээр элсүүлсэн байна. Энэ нь нийт чуулгануудын 90 орчим хувь гэж үзэж болно.

Гаж урсгалын сүм гэх ойлголт сүүлийн үед нийгэмд нэлээн явлаа. Танайд ийм чуулган хэд бий вэ?

Бид чуулгануудыг МЭЭ-ийн гишүүнчлэлд элсүүлэхдээ тодорхой хэмжээнд шалгуур, болзлыг тавьж байж элсүүлдэг гэж өмнө хэлсэн. Энэхүү шалгуурын нэг хэсэг нь тухайн орон нутагт зэргэлдээ оршин байгаа нутгийн чуулганууд, удирдагч нартаа хэрхэн хамтарч байгаа, мөн тэдгээр хөрш чуулганы удирдагч нараас тодорхойлсны үндсэн дээр гишүүнчлэлдээ бүртгэдэг. Энэ нь гаж буруу урсгалынхан МЭЭ-ийн гишүүн болох боломжгүй. Гаж буруу урсгалаас бусад Эвангелийн чуулгануудыг хамгаалж тэмцэх нь бидний үүрэг.

Энэ чиглэл нь гаж биш гэдгийг юугаар тодорхойлж байгаа вэ? Жишээ нь аль нь Эвангель, Протестант юм гэдгийг ч ялгаж ойлгоход хол санагдаж байгаа.

Нэг. Тухайн чуулганы онол сургаалыг тодорхойлох. Эзэний заасан залбирал, төлөөлөгчдийн итгэлийн тунхаг, гэмшил, Есүс Христийн талаарх сургаал гэх мэт олон зүйлсийг тодруулах хэрэгтэй.

Жич: Есүс Христийн талаар аль үгүйсгэх, тэр дутуу гүйцэтгэсэн учир өөр нэг хүнийг Есүс Христийн оронд өргөмжлөх гэх зэргээр гажууд үзэл баримтлалыг нь нарийн тодорхой шалгах хэрэгтэй. Үүнд Библийн талаар тодорхой эмх цэгцтэй, зөв мэдлэгтэй хүмүүс хэрэгтэй. Ихэвчлэн Библийн системтэй мэдлэггүй байдлаасаа болж гаж урсгалынханд урхидуулдаг.

Хоёр. Бусад чуулгануудтай хэрхэн хамтарч байгаа эсэхээр

Гурав. Нийгэм, гэр бүлүүд, төр засгийг үзэх үзэл, тэдгээрийн талаарх байр суурийг гишүүддээ зааж сургаж байгаа байдлаар нь ялгаж салгаж ойлгож болно.  Жишээ нь тэдний ихэнх нь өөрсдийн сургаалаа зөвтгөхийн тулд хүний үндсэн эрх болох идэж уух, өмсөж зүүх, төр засгийн байгууллагаар үйлчлүүлэх эрхийг үгүйсгэх сургаалыг заадаг. Эвангелийн чиглэлийн чуулганууд Библийн хэм хэмжээнээс хэзээ ч илүү гаргаж заадаггүй.

Итгэдэггүй хүмүүсийн нүдээр бүгд гаж харагдаж байгаа. Жишээ нь буддист хүнд таны итгэл үнэмшил их хол санагдах байх. Зөв үзэл бодолтой итгэгч хүний хувьд үнэт зүйл, гол үзэл санаа нь яг юунд нэгддэг юм бэ? гэж асуумаар санагддаг.

Гадна харагдах байдал, нэр уснаасаа ялгаа байхгүй мэт харагдавч ядаж дээрх зүйлсээр нь жаахан судлаад үзчих юм бол асар их ялгаатай болохыг ойлгоно. Үүн дээр мэдээж хэрэг Библийн талаар зөв мэдлэгтэй пастор ахлагч нараас тусламж авах хэрэгтэй. Библид хэлэхдээ аливаа мод үр жимсээрээ танигддаг гэж хэлсэнчлэн үр жимс, үр дүнгээрээ харагддаг.

Жич: зөв чуулганд явж байгаа итгэгч хүн төр засгаа үргэлж ерөөж сайн сайхан болохыг хүсэн залбирдаг байхад гаж буруу урсгалынхан төр засгийг үгүйсгэх ,төр засгийн эрх мэдлийг чөтгөр удирдаж байгаа тул тэдгээрээр үйлчлүүлж болохгүй, эмнэлэг хэрэггүй, цэрэгт явах хэрэггүй гэхчлэн үргэлж үгүйсгэдэг. Үнэндээ гаж урсгал гаж Христ итгэгч нар өөрсдөө гаргаж ирсэн нэр томьёо юм. Гаж урсгал гэж нэрлэхээс илүүгээр шинэ шашны хөдөлгөөн гэж томьёолбол оновчтой.

Сүүлийн үед Христэч сүм чуулгануудыг нэлээд цөөлж өөрөөр хэлбэл үйл ажиллагааг нь хориглосон гэх мэдээлэл нийгэмд цацагдсан байсан. Тэд бүгд гаж урсгал уу?

Төр сүм хийд ( шашны байгууллага) 1993 оны хуулиар зохицуулагдсаар өнөөдрийг хүрсэн бөгөөд, аймаг нийслэлийн ИТХ-ийн журмаар бүртгэл сунгалтын асуудал хийгддэг. Энэ хууль хэдийгээр сайжруулагдах шаардлагатай боловч, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль. Зарим аймгийн ИТХ-аас гаргасан журмууд нь хуулиасаа, тэр дундаа МУ-ийн үндсэн хуулиас ч давчихсан хэт туйлширсан журамтай аймгууд ч байна. Тооны хувьд буддын хийдүүдтэй харьцуулж жишээд байгаа нь учир дутагдалтай ойлголт. Үндэсний хэмжээнд аюул тарихуйц олон тоотой болчихсон, чуулгануудын тоог цөөлөх хэрэгтэй гэж хэт нэг талын үзлээр хандах хүмүүс ч цөөнгүй байна. Мэдээж хэрэг гаж тэрс сургаал онолтой Христийн гэгдэх шинэ шашны  ( гаж урсгал: Евангелийнхний өгсөн нэр томьёо. Төр засгийн албан ёсны нэр биш) хөдөлгөөн, бүлэглэлүүд их байгаа. Эдгээрийг бидэнтэй хольж хутгах ойлголт санаатай санамсаргүй гарч байгаа нь үнэн. Тэднийг  үйл ажиллагааг нь зогсоох, биднээс ялгаатай гэдгийг төр засгийн холбогдох албан тушаалтнууд мэдэх хэрэгтэй.

Ямар зөрчилтэй чуулганууд байсан юм бол?

Чуулгануудыг үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлгүй гэх үндсэн асуудлаар л буруутгах гэж оролддог. Үнэндээ бол архи тамхи үйлдвэрлэдэг,  худалдааны байгууллага шиг тусгай зөвшөөрөл авч итгэл үнэмшлээрээ цугларч, чуулганууд үйл ажиллагаа явуулна гэдэг бол ардчилсан улс оронд хүний суурь үндсэн эрхэнд маш ноцтойгоор халдсан мэт ойлголт л доо. Мэдээж хэрэг байр сав, аюулгүй орчин нөхцөл, боловсон хүчний стандарт байх хэрэгтэй л дээ. Гол асуудал нь бүртгэх ёстой байгууллага нь Христийн чуулгануудыг бүртгэхгүйд асуудал нь байна гэж харж байна.  Үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр нь бүртгэл хийсний давуу талууд их байгаа шүү дээ. Албан ёсны хуулийн этгээд болсноор улсад татвар төлнө, хүмүүсийн хардаж сэрдээд байдаг асуудлууд ил тод болно, хаана ямар шашны байгууллага, ямар үйл ажиллагаа явуулдаг, хэн гэдэг хүн хариуцаж, хэдэн итгэгч нартай юм гэх мэт олон далд мэдээллүүд ил тод болох сайн талтай. Библийн зарчмын дагуу төр засгаа хүндэтгэж, хууль бус ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй байхыг л чуулган, нийт Христэд итгэгчид хүсдэг.

Хуулиас гадуур хавчин гадуурхсан зүйл бий юу?

Дээр хэлсэнчлэн үндсэн хуульд шашин шүтэх эс шүтэхээ хүн өөрөө сонгодог ардчилсан үндсэн хуульт засаглалтай улс гэхэд, хаана ч чөлөөтэй Христийн чуулганд хамрагдах боломж нөхцөл нь хязгаарлагдсан. Албан ёсны зөвшөөрөгдөх бүртгэлтэй чуулганууд цөөн. Сүүлийн хэдэн сар ҮОНРТ, хэвлэл мэдээллийн томоохон цахим сайтуудаар буруу ташаа мэдээллүүдийг зохион байгуулалттай бэлтгэж, олон нийтийн дунд Христэд итгэгчдийг гадуурхуулах, талцуулан хуваагдуулах, жигшин зэвүүцүүлэх гэсэн мэдээллүүд ихээхэн цацагдах боллоо. Ялангуяа Үндэсний ТВ-р хэд хэдэн цувралаар бэлтгэгдэн цацагдсан “ЧИМЭЭГҮЙ АЮУЛ” нэвтрүүлэг байна. Христэд итгэгч нар яахаараа үндэснийхээ аюулт дайсан нь болчихдог юм. Харин ч бид улс орныхоо сайн сайхны төлөө салбар салбартаа гар нийлүүлэн хөгжил цэцэглэлт сайн сайхныг хүсэж байдаг. Үндэсний телевиз бол бодлогын телевиз. Тиймээс дээрх контентууд хэн нэгний санаатай зорилготой хийгдсэн нэвтрүүлэг гэж үзэж байгаа шүү. Хотод, хөдөө орон нутгуудад байгаа олон чуулганы пастор ахлагч нарыг дорд үзсэн, басамжилсан, тэр бүү хэл цагдаагаар айлгаж сүрдүүлсэн тохиолдол ч нэг биш удаа гарсан. Энэ бүхнийг ялгаварлал, хатуурхал гэж л харж байна.

Хөдөө орон нутгийн чуулганууд их хавчигдмал гэж дуулсан юм байна. Тэдэнд төрийн байгууллагуудаас ирэх дарамт, үл ойлголцол байдаг болов уу?

Чуулганууд нь тухайн аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-д харьяалагддаг. Харьцангуй сум дүүргийн, баг хорооны хэмжээнд дэмжиж өгдөг ч нийслэл, аймаг дээр гацдаг, бүртгэхээс татгалзаг. Нэг л жишээ Улаанбаатар хотын хэмжээнд 2017 оноос хойш нэг ч Христийн чуулганууд шинээр бүртгэл хийлгэж чадаагүй. Шалтгаан нь хууль журам шинэчлэгдэх гэж байгаа гэх тайлбар өгдөг. Ямар ч хууль, журам шинэчлэгдэн гарсан тухайн өдрөө хүртэл хуучин хууль журам нь хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байх ёстой. Хүнд сурталтай, ардчилсан оронд байж ялгаварлал санаатайгаар бий болгож байгаа хүнд сурталтай төр гэж л хатуухан хэлмээр байна.

Манайд хүн амын тоотой шашны  сүм хийдийн тоог харьцуулах, нийт шашны үйл ажиллагааг жишиж ярих дүгнэлт хийх тохиолдол их гараад байдаг. Улс төрийн зорилгоор ч юм шиг….

Жишээ нь тэдэн Христийн сүм байхад тэдэн бөөгийн хийд байна. Буддын шашны хийд арай цөөн байна ч гэдэг юм уу..Таныхаар энэ хэр зөв харьцуулалт юм. Тэгж шашинд итгэгчдийн тоог харьцуулж ярих, тэгшитгэх баланслах гэх хандлага хэр зөв бэ?

Аливаа шашин өөр өөрийн онцлогтой, бүгдийг нь нэг хуулиар чихэж зохицуулна гэдэг боломжгүй шүү дээ. Төр засаг бүх зүйлийг хянаж, нэг бүрчлэн зохицуулна гэвэл боломжгүй байх. Дээр хэлсэнчлэн зүгээр л бүгдийг нь бүртгэж, нэгдсэн ДАТА мэдээллийн сантай болох хэрэгтэй. Хууль журмаа дагаж байгааг нь дэмжээд, хууль зөрчиж байгааг нь сануулах, үйл ажиллагааг нь зогсоож болох шүү дээ. Анхнаасаа хэт өндөр стандарт татчихаад түүнд хүрэхгүйг нь бүртгэхгүй байх нь шударга биш. Ямар ч аж ахуй нэгж анхнаасаа төгс байдлаар үүсдэггүй шүү дээ. Явц дундаа засаж сайжруулж, хөгждөг.

Дахин дахин асууж байгаад уучлаарай гэхдээ гаж буруу гэх ангилал итгэгчдээс гарсан гэлээ тэгвэл яг яаж гаргасан тодорхойлолт юм бол? Олон нийтийн ойлголтыг жаахан цэгцэлье л дээ  

Нэг. Библийн онол сургаалыг хувьд өөрсдийн гаргаж ирсэн үзэл санаагаа Библиэс өндөрт тавих. Библийн үг ишлэл зэргийг өөрсдөд ашигтай хувилбаруудаар тайлбарлаж, хасах, эсвэл нэмж заадаг.

Хоёр. Явуулж буй үйл ажиллагаагаа өөрсдийнх нь зөв, бусад  ( төр засгийн бодлого шийдвэр, төрийн байгууллагуудыг үгүйсгэх. Жич: эмнэлэгт үзүүлэх хэрэггүй, цэрэгт явах хэрэггүй). Идэж уух, өмсөж зүүх, үзэх харах гээд хүний суурь эрхүүдийг үгүйсгэж,  тэдгээрээс татгалзахыг, өөрсдийн сургаал онолд итгэх нь зөв мэтээр зааж сурталчилдаг.

Гурав. Бусад чуулгануудыг ялангуяа Эвангелийн чуулган, пастор ахлагчдыг буруутгах, тэдэнтэй хамрахыг хориглох.

Хуульд оруулах ёстой шинэчлэл, эргэж харах шаардлагатай зүйл ер нь бий гэж боддог уу? 1993 онд баталсан хуульд одоо нийгэм цаг үеэсээ шалтгаалаад ахин эргэн харах шаардлагатай зүйл байж болох юм.

2016 онд нэр бүхий УИХГ-д хуулийн нэмэлт заалтуудыг, 2018 онд хууль зүй дотоод хэргийн яамнаас шашны эрх чөлөөний хууль боловсруулагдаж нэг удаа хэлэлцүүлгийн шатанд орж байсан. Ганцхан Христийн чуулгануудад ч биш бусад бүх шашны байгууллагууд хуулийн шинэчлэл хийх хэрэгтэй гэдэгт санал нэг байгаа гэж харагдсан. Итгэл үнэмшил гэдэг бол энгийн юм шиг боловч хүний хамгийн нандин,  эмзэг сэдэв нь байдаг. Тиймээс энэ асуудлыг тухайн салбар чиглэлийн аль алиных нь хүмүүсийн дэмжлэг оролцоотойгоор шийдэх ёстой. Дахин хэлэхэд: тухайн шашны байгууллагын онцлогоо мэддэг, мэргэжлийн хүмүүсийн оролцоотойгоор хийгдэх ёстой.

Бид хэр шашны эрх чөлөөтэй оронд амьдарч байна вэ?

Эрх чөлөөтэй мэт. Гэвч бас тийм биш. Христэд итгэгчид долоо хоног бүр тогтсон өдөр, тогтсон цагт, тогтсон газарт цуглардаг. Үүнийг мөргөл хүндэтгэл өргөх байдлаар ХАМТДАА өнгөрөөхийг Библид хэлдэг. Энэ итгэлийнхээ дагуу өөр өөрсдийнхөө сүм чуулганд хамрагдах хэрэгтэй. Хамрагдаж байгаа чуулганыг нь бүртгэхгүй байх нь тэдгээр бүлэг итгэгчид хаана цугларах вэ? Хууль зөрчигчид мэт цуглаанаа хийсээр байх уу? Ер нь бол тэгж хийсээр л ирсэн. Христэд итгэгч нар төр засгаас нэг л зүйлийг чин сэтгэлээсээ хүсдэг. Бүртгэл сунгалтын асуудал. Итгэгчдийн санал, дэмжлэгийг авч гарчхаад эргээд сонгосон итгэгчдийнхээ эсрэг бодлого шийдвэр явуулдаг тийм л гажиг тогтолцоотой яваад байна гэж хувьдаа бодож явдаг. Шашин шүтэх эс шүтэх эрхэнд ямар нэг байдлаар халдах нь ардчилсан нийгэмд байх ёсгүй зүйл. Ардчиллын гол суурь үзлийн нэг нь шашин шүтэх эс шүтэх явдал шүү дээ.

Амьдарч буй цаг үеийнхээ төлөө хэнийг ч хардах эрхтэй, хэрэгтэй нийгэмд бид амьдарч байна. Гэхдээ тааж тааварласнаараа гүтгэх эрх бидэнд байж болохгүй. Христийн Шашин, итгэл үнэмшилтэй холбоотой өөр бидний мэдэх ёстой зүйл юу байгаа вэ? Магадгүй олон нийтийн төөрөгдөл гэх юм уу.

1990 оноос ардчилсан улс орон болж олон зүйлийг чөлөөтэй эдлэх эрхийг олж авсан улс. Хоёр нийгэм солигдох, зах зээлийн хүнд хэцүү цаг үед Монгол ард түмэнд Есүс Христийн сайн мэдээ орж ирэн, олон Христийн чуулганууд үүсэн бий болсон. Үүссэн цаг үеэсээ эхлэн Библийн сургаал хэм хэмжээг бий болгож мянга мянган хүмүүст энэрлийн үйлчлэл, тусламж дэмжлэгийг үзүүлсээр ирсэн. Нэгэн үе нийгэм нь тэр чигээрээ хэцүү байсан тэр л цаг үед Христэд итгэгч нар, чуулганууд олон мянган хүмүүсийг хооллож  ундалж, хөл алдсан амьдралд нь тус дэм болж ирсэн.  Энэ үзэгдлийг зарим хүмүүс Христийн итгэл, чуулганууд бол ядуу хүмүүс л явдаг, сэтгэлгээгээрээ ч, амьдралын хэв маягаараа ч, боловсрол мэдлэгээрээ ч ядуу хүмүүс гэж бодоод байдаг. Гэвч үнэхээр тийм гэж үү? өнөөдөр Христэд итгэгч нар нийгмийн бүх л давхарга, бүх л салбаруудад амжилттай ажиллаж, улс орныхоо төлөө зүтгэсээр л байна. Бидний хойч ирээдүй 3 дахь үеийнхэн маань төрж өссөөр байна. Бидний Монгол орныг, бүх Монгол ахан дүүсийг минь Бурхан ерөөх болтугай.   Дуулал 115:15 “Тэнгэр газрыг бүтээгч Эзэнээс та нар ерөөл хүртэх болтугай”