Гаж урсгал, гаж үзэлтэн, гажууд, буруу номтон гэх үгсээр бид нэгнээ итгэл үнэмшлээр нь баалах нь их болж. Үнэндээ дүгнэлт хийхээсээ өмнө хэр судалсан билээ? уншсан билээ? асуусан билээ?

Энэ удаад бид судлаач Ж.Алтайбаатарын үг, өнцгийг уншигч танд хүргэж байна. Тэрээр улсдаа цөөнд тооцогдох шашин судлаачдын “онц” төлөөлөл, залуу доктор юм.

Итгэл үнэмшлийн үр нөлөө, нийгэм шашинжих нь, гаж урсгал буюу шинэ шашны хөдөлгөөн, Монгол дахь шашны эрх чөлөө, хууль эрх зүйн байдал гээд өргөн хүрээнд бид ярилцлаа.

Тэрээр өөрөө Буддын шашны итгэл үнэмшилтэй ч судлаачийн өнцгөөс харж ажилладаг гэдгээ илэрхийлсэн юм. Нөгөө талаар цаг үеийн байдалтай холбоотойгоор шашин шүтлэг, сүсэг бишрэлийг нийтлэг сонирхол болгосон бүлгүүд улс төрчдийн дотор бий болж байгааг тэр цухас дурдаад иргэд итгэл үнэмшилдээ ул суурьтай, судалгаатай хандах өдрүүд ирснийг онцолж байлаа.

Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Таны сүүлийн үеийн судалгааны ажлын сонин сайхнаас сонирхож болох уу?

Сайн байна уу? Ярилцлагад урьсанд баярлалаа. Сүүлийн үед хийгдэж байгаа ажлуудын тухайд хоёр томоохон судалгааны ажлыг дурдаж болохоор байна. Эхнийх нь Монгол Улс дахь шашин шүтлэгийн төлөв байдлын судалгаа байгаа юм. 90-ээд оны ардчилсан өөрчлөлтөөс хойш манай улсад шашин шүтлэгийн төлөв байдлыг тодруулахаар Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургуулийн багш нар хамтран 1994, 2003 онуудад судалгаа хийсэн байдаг. 10 гаруй жилийн давтамжтай хийгдсэн эдгээр судалгааг ШУА-ийн Философийн хүрээлэнгийн судалгааны баг 2015 оноос үргэлжлүүлж үр дүнг 2017 онд хүлээлгэн өгсөн. Энэ судалгааны багт миний бие гүйцэтгэгчээр оролцсондоо их баяртай байдаг. Учир нь өмнө нь багш нарын маань санаачилж эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж явах хувь тохиосонд оршиж байгаа юм. Энэ судалгааны гол ач холбогдол нь өнгөрсөн гуч шахам жилийн хугацаанд манай улсын шашны ертөнцөд болж өнгөрсөн өөрчлөлтийг зураглаж байгаа явдал юм. Ардчилсан хувьсгалын нөлөөгөөр нийгмийн тогтолцоо, иргэдийн үзэл бодол, хандлагад, сэтгэлгээнд томоохон өөрчлөлт гарсныг бид мэднэ. Тэгвэл энэ өөрчлөлт шашин шүтлэгээр дамжин хэрхэн илэрч байна вэ гэдгийг энэ судалгаа арав арван жилийн интервалтайгаар харах боломжийг бидэнд олгож байгаа юм.

Бидний гүйцэтгэсэн дараагийн нэг томоохон судалгаа нь Монгол Улсад нэвтэрсэн, эсвэл шинээр бий болсон шинэ шашны хөдөлгөөнүүдтэй холбоотой. Өмнө дурдсан судалгааны зарим мэдээ, үр дүнгээс үзвэл манай улсад шинэ шашны хөдөлгөөнд хамаарах шашны урсгал чиглэл, сүсэгтнүүд цөөнгүй байна. Монгол дахь шинэ шашны хөдөлгөөн, тэдгээрийн сүсэгтний онцлогийг судалж тодорхойлох нь энэ судалгааны зорилго байв. Бид судалгааны үр дүнг боловсруулж дуусаад захиалагч байгууллагад нь хүлээлгэн өгч байна. Энэ судалгаатай холбоотой хэд хэдэн бүтээлүүд хэвлэгдэн уншигчдын гар дээр очиход бэлэн болоод байгаа.

Шашин ба итгэл үнэмшил нийгэм хүн төрөлхтөнд хэр чухалд тооцогддог тухайгаар ярилцлагаа эхлэх үү?

Шашин хүний нийгмийн хөгжлийн эхэн шатанд бий болсон үзэгдэл гэж үздэг. Нийгэмтэй салшгүй холбоотой хөгжиж ирснийг нь археологийн янз бүрийн олдвороор нотолж болно. Олон мянган жилийн турш хүн төрөлхтөнтэй хамт байсаар ирсэн ч түүний үүрэг, ач холбогдол өнөөг хүртэл буураагүй байгааг бид одоо харж байна. Хэрэв үүрэггүй байсан бол өдийд мартагдах байсан биз, гэвч өдгөө дэлхий дахинаа 5000 орчим сүсэг бишрэлийн янз бүрийн хэлбэрүүд оршин тогтнож, дэлхийн нийт хүн амын 80-аас багагүй хувийг сүсэгтнүүд эзэлдэг статистик мэдээ бий.

Шашин нийгэмд олон үүрэг гүйцэтгэж болох тухай судлаачид олон янзын санал дэвшүүлдэг. Тухайлбал, соён гэгээрүүлэх үүргийг хэлж болно. Энд заавал шинжлэх ухааны мэдлэгийг хамруулдаггүй. Оюуны хөгжлөөс гадна сэтгэлийн хөгжлийн асуудлыг энд авч үздэг. Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөн шинжлэх ухааны оюуны хөгжлөөс гадна сэтгэлийн хөгжлийн, сүнслэг хөгжлийн асуудлыг ярьдаг болсон.

Шашин өмнө нь ертөнцийн гарал үүсэл, бүтэц, оршихуйн тухай гээд хүнээс ангид, түүний ухаарал, мэдлэгээс давсан, чинадаас хальсан зүйлсэд анхаарал хандуулдаг байсан бол одоо хүний дотоод сэтгэл, өөрийгөө танин мэдэх, хувь хүний сэтгэлийн хөгжлийн асуудал зэрэг дотогшоогоо чиглэсэн асуудлыг чухалчлах хандлагатай болоод байгаа.

Шашин нийгэмд хэм хэмжээний үүргийг гүйцэтгэх тохиолдол бий. Хууль, албадлагаар нийгмийн дэг журмыг тогтоохоос гадна ёс суртахууны хэм хэмжээгээр зохицуулах боломжийг шашин олгодог. Нүгэл, буян, үйлийн үр, там, диваажин зэрэг ойлголтууд нь хувь хүнийг “сайн” иргэн болж төлөвшихөд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэж хэлж болно.

Шашин нийгэмд эв нэгдлийг хангах үүргийг гүйцэтгэдэг. Үнэт зүйл, үнэлэмжийн хувьд ижил, төстэй баримжаа бүхий нийгмийн бүлгүүд харьцангуй тогтвортой оршдог. Шашин нийгмийн янз бүрийн бүлгүүд, бүлгийн гишүүдийг хооронд нь холбож, наадаг цавууны үүргийг гүйцэтгэдэг гэж хэлж болно. Шашны хурал, цуглаанд хамт явдаг, шашны номлол сургаалийг хамтдаа судалдаг хүмүүсийн дунд эвсэг, бие биенээ ойлгож хүлээн зөвшөөрсөн, хүлээцтэй, тэвчээртэй, ёс суртахуунлаг харилцааны үндэс тавигддаг. Энэ нь Христийн болоод Буддын, Исламын гээд аль ч шашинд түгээмэл ажиглагддаг үзэгдэл юм.

Гэхдээ энд шашны үүргийг дан ганц эерэг талаас нь авч тайлбарлах нь өрөөсгөл юм. Шашны дээр дурдсан үүргүүд нь тодорхой хэмжээнд тэнцвэртэй байх тохиолдолд таатай үр нөлөө үзүүлж болох юм. Тухайлбал, зөвхөн өөрийн шашны номлол сургаалыг үнэн зөв гэж явцуурч шинжлэх ухааны мэдлэг, бусад шашны үзэл санааг үл зөвшөөрөх, сүсэгтнүүдийн нягт харилцаа нь харизматик удирдагчийг тойрон хүрээлсэн шашны явцуу бүлэг үүсэх гэх мэт сөрөг үр дагавар авчрах нь бий.

Энэ мэтчилэн шашны нийгмийн үүргийн асуудлыг бид янз бүрээр авч үзэж, тайлбарлаж болно.

Харин хувь хүний тухайд шашин шүтэх, сүсэг бишрэлтэй байх хэрэгцээ тухайн хүний онцлог, сэтгэлгээний хэв маяг зэрэг олон хүчин зүйлээс хамаараад ялгаатай байдаг. Зарим хүмүүс асуудалд рациональ байдлаар хандаж, асуудлыг учир шалтгаан, уялдаа холбоонд авч үзэх, өөрөөр хэлбэл шинжлэх ухаанд илүүтэй найддаг. Зарим хүмүүс амьдралынхаа чухал ач холбогдол бүхий асуудалд нухацтай хандаж, тулгарсан бэрхшээлийг шийдвэрлэхэд шашны тусламжийг авдаг, түүнээс гарах үр дагавар, үр нөлөөг харамсах зүйлгүйгээр хүлээн зөвшөөрдөг. Хувь хүмүүсийн ийм ялгаатай байдлаас үүдэн шашин шүтлэг хүмүүст янз бүрээр нөлөөлдөг. Жишээлэн тайлбарлавал, цус сэлбэхээс татгалздаг Иеховагийн гэрчүүд энэ итгэлээсээ болоод нас нөхөцвөл хөндлөнгөөс харж буй бидэнд сүсэг бишрэлийн муйхарлал мэт харагдаж болох ч үлдэгсэд нь үүнийг жам ёсны зүйл мэт хүлээн авах жишээтэй.

Сүүлийн үед шашны гаж урсгалтай холбоотой олон талт мэдээлэл нийгэмд түглээ. Үүнээс үүдэн нэгтгэж харах, үл ялган буруутгах тохиолдол их байгааг бид цахим ертөнцөөс ч харж болохоор байна. Шашин судлалын үүднээс гаж урсгал гэдгийг хэрхэн судалж, томьёолсон байдаг вэ?

Түрүүн би хэлсэн дээ, шашин бол олон мянган жилийн турш хүн төрөлхтөнтэй хамт яваа гэж. Энэ урт хугацаанд нийгмийн хөгжлөө дагаад шашинд ч өөрчлөлт гарах нь тодорхой. Эдгээр өөрчлөлт нь хэлбэр төдий, эсвэл суурь шинжтэй байсан ч шашин хувьсан өөрчлөгдөх шалтгаан болж байдаг. Зарим тохиолдолд шашнууд үндсэн чиг баримжаагаа өөрчлөлгүйгээр тодорхой шинэчлэлтийг хийж нийгэмтэйгээ дасан зохицож оршин тогтнодог бол зарим нь үзэл санааны хувьд суурь шинжтэй өөрчлөлтийг хийж цоо шинэ сүсэг бишрэлийг үүсгэх нь бий.

Тухайлбал, дэлхий нийтийг хамарсан цар тахлын өнөөгийн нөхцөлд шашнууд виртуал цуглаан зохион байгуулах, технологийн дэвшлийг ашиглан бүтээсэн робот номлогч буддын сүмд ажиллах зэрэг нь тухайн шашинд гүнзгий өөрчлөлтийг авчрахгүй ч зан үйлийн хувьд шинэ зүйл авчирч байна.

Иудейн шашин зөвхөн тодорхой нэг нутаг дэвсгэр, үндэстнээр хязгаарлагдаж байсан бол түүнд гарсан суурь шинжтэй өөрчлөлт нь Христийн шашныг бий болгож нийт хүн төрөлхтөнд түгэн дэлгэрсэн. Эртний энэтхэгт, олон зуун жилийн турш ноёлсон, зөвхөн тодорхой нэг бүлэг эзэмших эрхтэй мэдлэгийн эх сурвалж байсан ведийг цор ганц үнэн бус хэмээн шүүмжилж буддын шашин гарч ирсэн нь тухайн үедээ шинэ үзэгдэл байсан.

Ийнхүү шашин шинэчлэгдэх, өөрчлөгдөх үзэгдэл байнга явагдсаар ирсэн. Энэ үзэгдлийг судлаачид хорьдугаар зууны эхний хагасаас судалж эхэлсэн бөгөөд анхандаа шашны үндсэн үзэл санаа, суурь зарчмаас гажсан тул гаж үзэгдэл, гаж буруу урсгал юм гэж үздэг байсан. Харин хорьдугаар зууны сүүл үеэс эхлэн шашны аливаа үзэл санааг судлаачийн үнэлэмжээс ангид авч үзэхийг чухалчлах болсон. Өөрөөр хэлбэл гаж буруу гэж үзэх нь зөрчил, сөргөлдөөнийг бий болгох, нийгмээс тусгаарлагдах, нууц байдалд шилжих зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулж болзошгүй юм. Тиймээс эдгээр шашныг “шинэ шашин”, “шинэ шашны хөдөлгөөн” гэсэн нэр товъёогоор нэрлэх болсон байдаг. Одоо шашин судлалд энэ нэр томьёог илүү өргөн ашиглаж байна.

Уламжлалт буюу олонд ойлгомжтойгоор гаж бус сүм чуулган ч нийгэмд аюултай гэж харах, цөөлөх тухай ярих нэгэн ч байх юм? 

Нийгмийн бүхий л салбарт шашны нөлөө ихсэж шашинжих, эсвэл шашны аливаа үзэгдлийг буруушаан хорих үзэгдлийн аль алиных нь үр дагаврыг бид сайн мэднэ. Тийм ч учраас Монгол Улс Үндсэн хуулиндаа хүний шашин шүтэх, эс шүтэх эрхийг баталгаажуулахын зэрэгцээ төр, шашныг тусгаарлах тухай үзэл санааг тусгаж өгсөн байдаг. Шинжлэх ухааны мэдлэгийн үр нөлөө, ач холбогдол буурч, аливаа асуудалд сүсэг бишрэл, мухар сүсгийн үүднээс хандах, өөрөөр хэлбэл нийгэм шашинжих нь ямар үр дагавар авчирч болохыг бид Иран, Солонгос, Африкийн зарим орны жишээнээс харж болохоор байна. Нөгөөтээгүүр хүний эрхийг хязгаарлах, шашин шүтлэгийг хорих замаар нийгмийн шашингүйжүүлэх оролдлого хийж байсныг бидний өнгөрсөн далаад жилийн түүхээс мэднэ. Тэгэхээр энэ асуудалд туйлширсан нэг талыг баримтлах нь сөрөг үр дагавар авчирч байна. Гэхдээ бид уламжлалт шашин шүтлэгийн нийгмийн үүргийг орхигдуулж болохгүй. Өмнө нь би шашны үүргийн талаар тодорхой жишээгээр ярьсан. Энд шашны уламжлал, соёлын өвийг хадгалагч, тээгч, дамжуулагчийн үүргийг мартаж болохгүй. Шашны байгууллагын тооны хувьд сүүлийн жилүүдэд байнга ихсэж байгааг бид статистикаас харж байна. Шашны байгууллагын тоо нэмэгдэж байгаа нь сүсэгтний тоог нэмэгдүүлж байгаа гэж шууд дүгнэж болохгүй боловч нийгэм шашинжхад тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь дамжиггүй. Учир нь шашны байгууллага нь хүмүүсийн зохион байгуулалтын нэг хэлбэр болохын хувьд тодорхой зорилго, шат дараалсан үйл ажиллагаагаар дамжуулан өөрийнхөө үзэл санааг нийгэмд түгээж байдаг. Өөрөөр хэлбэл зориуд нөлөөлөх замаар нийгмийн шашинжуулдаг. Байгууллагын тоо хэмжээ олон байх тусам шашинжих үйл явц эрчимтэй, идэвхтэй явах нь ойлгомжтой.

Шашинжих гэл ээ. Хүн итгэл найдвар өвөрлөөд зөв амьдрахыг хичээж явна гэдэг муу зүйл гэж үү? Христэд итгэгчид нийгэмд хор учруулах нь бүү хэл харин ч муу зуршлаас хол байх, гэр бүлээ хайрлах, сайн үйл хийх гээд олон сайн өөрчлөлтийг өөр дээрээ үлгэрлэн бусдад уриалж явааг бид хардаг шүү дээ. “Хүн юу тарина, түүнийгээ хураана”, “Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй” гэх уриаг тэд хэлдэг, хийдэг. Мэдээж хүн хойно алдаа ч бий оноо ч бий. Та өөрөө ямар нэг итгэл үнэмшилтэй юу?

Би буддын шашин шүтдэг. Гэхдээ шашин судлаач хүний хувьд өөрийн итгэл үнэмшил, сүсэг бишрэлээс ангид байж асуудалд хандахыг эрмэлздэг. Энд шашин судлаач хүний хувьд гэдгээ тодотгоё. Шүтлэгтэй, сүсэг бишрэлтэй хүний нэг онцлог нь түүний ёс суртахууны хүмүүжил юм уу даа гэсэн бодол төрдөг. Хүний адгууснаас ялгарах шинж бол тэр шүү дээ. Жинхэнэ сүсэгтэн хүн бусдыг хуурч мэхлэх, хүнд муу санахыг нүгэл гэж үздэг учир зөв байхыг хичээдэг. Зөв хүн болж байж сүсэг бишрэлийнх нь зорилго биелэх учиртай.

Хүн амын тоотой шашны сүм хийдийн тоог харьцуулах, нийт шашин хоорондын үйл ажиллагааг жишиж харьцуулах, дүгнэлт хийх тохиолдол цаг үеийн шинжтэй их ажиглагдах болж.  Магадгүй улс төрийн зорилго ч байхыг үгүйсгэхгүй. Жишээ нь: Христийн сүм тэд байхад бөөгийнх тэд байна. Буддын шашны хийд арай цөөн байна гэдэг ч юм уу. Таныхаар ингэж шашинд итгэгчдийн тоог харьцуулах, тэгшитгэх баланслах гэх оролдлого хэр зөв, эрүүл санагддаг  вэ? Хүний үндсэн эрхтэй холбоотой маш эмзэг асуудал шүү дээ.

Шашны асуудал нь Үндэсний аюулгүй байдлын хувьд чухал ач холбогдолтой эмзэг асуудал. Ийм нөхцөлд уг асуудлын ач холбогдлыг зориудаар бүдгэрүүлэх, зөнд нь орхихыг шаардах байдал сүүлийн үед цухалзаад байдаг болчихлоо. Би үүнтэй санал нийлдэггүй. Тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын хувьд иргэдийнхээ эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг хангахын тулд Монгол Улсын төр өөрийн хил хязгаар дотор өрнөж буй бүхий л асуудалд анхааралтай, нухацтай хандах ёстой гэж боддог. Тиймээс ч энэ талын судалгааг төрөөс дэмжиж судалгаа захиалж хийлгэдэг. Нөгөөтээгүүр дийлэнх монголчуудын хувьд буддын шашин чухалд тооцогддогтой та санал нийлэх байх. Энэ нөхцөлд бусад шашны сүм хийдүүдтэй өөрийнхийгөө харьцуулах нь уламжлалаа эрхэмлэдэг ямар ч улс оронд байж болох л хандлага гэж бодож байна. Харин үүнийг улс төрийн зорилгоор ашиглах гэсэн сонирхол сүүлийн үед мэр сэр ажиглагдаж байгаатай санал нэг байна. Тухайлбал, шашин шүтлэг, сүсэг бишрэлийг нийтлэг сонирхол болгосон бүлгүүд улс төрчдийн дотор бий болж байна. Шашин улс төр, эрх мэдлийн зэвсэг болсон тохиолдолд сайн юманд хүргэдэггүй. 

Манайд Христийн шашны аль урсгал илүү давамгай байна? Протестант, Эвангелийн урсгалын үзэл номлолд гаж зүйл судлагдаж байв уу? Хүмүүс ялгаж мэдэхгүйгээс янз бүрийн хардлага, таамаг их байх шиг.

Монголд Христийн шашин шүтэгчдийн дотор протестант чиглэлд хамаарах урсгалууд дийлэнх байна. Тэр дундаа Евангелийн урсгалд хамаарах сүм, чуулганууд багагүй бий. Монголд бүртгэгдсэн шинэ шашны хөдөлгөөнүүд дотор ч Христийн шашнаас гаралтай хөдөлгөөнүүд хамгийн их хувийг эзэлдэг. Гэхдээ энд нэг анхаарал татмаар зүйл бас байна. Христийн шашнаас гаралтай мөртлөө христийн шашны үндсэн номлол, сургаалд үл нийцэх үзэл санаа бүхий хэд хэдэн урсгалууд манайд нэлээд дэлгэрчээ. Тухайлбал, сүүлийн үед судлаачдын анхаарлыг их татах болсон Шинжчеонжи буюу Шинэ тэнгэр, газар сүм байна. Хүмүүс энэ сүмийг Христийн шашны сүм гэж ойлгож хүлээж авдаг. Гэтэл үнэн хэрэгтээ сургаал номлол, үзэл баримтлалын хувьд анх үндэс авсан Христийн шашныхаа тулгуур ойлголтуудтай зөрчилдөхүйц хэмжээнд хүртэл гажуудсан байдаг.Өөрөөр хэлбэл Христийн шашнаас гаралтай боловч Христийн шашин гэж хэлж болохооргүй өөрчлөгдсөн байгаа юм. Энэ сүмд явдаг хүмүүс ч өөрсдийгөө Христийн сүмд яваад байна гэж ойлгоод байгаа явдал ажиглагддаг. Христийн шашинтай энгийн иргэдийн дотор очдог сүмийнхээ хуулийн этгээдийн нэрийг мэдэхээс чухам яг ямар урсгал чиглэлийн, ямар үзэл баримтлал бүхий сүм, чуулган болохыг төдийлөн ялгаж мэдэхгүй байхтай судалгааны явцад олон таарч байлаа.

Хуулинд оруулах ёстой шинэчлэл, эргэн харах шаардлагатай зүйл ер нь бий гэж боддог уу? 1993 онд баталсан хуулинд одоо нийгэм цаг үеэсээ шалтгаалаад ахин нээж “салхи оруулах” шаардлага тулан ирсэн байж болох юм.

ТӨР, СҮМ ХИЙДИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ – 1993 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр/

 Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль батлагдаад 27 жил болжээ. Энэ хууль анх батлагдах тэр үе бол манай улсын хувьд цоо шинэ нөхцөл байдал үүсээд байсан үе юм. Шашин шүтэх, эс шүтэх эрх, эрх чөлөөг баталгаажуулж уламжлалт шашин шүтлэг нөхцөлийг бүрдүүлсэн. Харин өнөөдөр энэ нөхцөл байдал өөрчлөгджээ. Товчхондоо бол Монголчууд олон янзын шашин шүтлэгтэй болсон, шашны байгууллага, зохион байгуулалтын хэлбэрүүд бий болж, түүнийг дагасан асуудлууд урган гарах болсон гэх мэт. Тухайлбал, шашнууд зөвхөн сүм хийд гэсэн уламжлалт зохион байгуулалтаас гадна олон нийтийн байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг болжээ. Шашны байгууллагын үйл ажиллагаа шашны номлол сургаал, зан үйлээр хязгаарлагдахгүй болсон байна. Энэ мэтчилэн одоогийн хуулийг шинэчлэх шаардлага бий.

Судлаачын нүдээр харахад бид хэр шашны эрх чөлөөтэй оронд амьдарч байна вэ?

Үндсэн хуулиараа Монгол Улс иргэдийнхээ шашин шүтэх, эс шүтэх эрхийг баталгаажуулсан. Мөн өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжийн хүрээнд шашны байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хориглож, хязгаарласан зүйл байхгүй байна. Бусад улс орнуудтай харьцуулбал манай улсад шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө харьцангуй хангагдсан гэж үздэг. Пев судалгааны төвийн 198 орны дунд хийсэн судалгаанаас үзэхэд манай улс шашны хязгаарлалт багатай орнуудын тоонд багтдаг. Энэ үзүүлэлтээрээ шашны эрх чөлөө өндөр гэж үздэг АНУ-тай бараг л ойролцоо түвшинд байна.

Шашин, итгэл үнэмшилтэй холбоотой судлаач хүний хувьд олон нийтэд илэрхийлмээр байдаг зүйлээ та манай сайтаар дамжуулан уншигчдад хүргэх боломжтой.

Шашны талаарх шинжлэх ухааны мэдлэг үгүйлэгдэж байна. Тодорхой асуудал хариуцсан төрийн албан хаагчид төдийгүй энгийн иргэд шашны тухай мэдлэгээ дээшлүүлж, асуудалд эргэлзэж, эргэцүүлж, тунгаан бодож ханддаг болмоор байна. Өөрийн сүсэглэж явдаг зүйлийнхээ талаар янз бүрийн эх сурвалжаас судалж, таньж мэдэх нь таныг бусдад мэхлэгдэж сэтгэл санаа, эд хөрөнгө, амь биеэр хохирох эрсдлээс хамгаална. Нөгөө талаар үнэн зөв, баттай мэдээлэл сүсэг бишрэлийг улам бүр батжуулах нь ойлгомжтой.

Цаг гарган нээлттэй ярилцсанд баярлалаа.